СҮХБААТАР: Орон нутгийн шинэ брэнд дарьганга хийцтэй цай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-09-28 14:31:09

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Дарьгангынхны уламжлалт соёлын нэг бол цай болон цайлах ёсон. Эрт дээр үеэс уламжилж ирсэн гол жороор нь дарьганга хийцтэй цайг орчин үеийн хэрэглээтэй хослуулан, өрхийн үйлдвэрлэл болгон хөгжүүлж байна.


Дарьгангын уламжлалт таван тансаг идээ болох хатаасан борц, болсон будаа, шар тос, ээзгий, хийцтэй цай бүхий орц найрлагатай дарьганга хийцтэй цай нь өлсөж ундаассан үед өл дарж, ядарч сульдсан үед ядаргаа тайлдаг шидтэй. Нэг удаагийн савалж бэлтгэсэн цайны хийцүүдээ зориулалтын аяганд хийж буцалсан халуун ус хийж хутгаад шууд ууна. Мөн уг цайг аялал зугаалгад авч явахад болон бэлгэнд өгөхөд нэн тохиромжтой гэж өрхийн үйлдвэрлэл эрхлэгч Б.Урансайхан хэллээ.


Тэрбээр энэхүү бизнесээ гэр бүлийн хүний хамтаар эхлүүлээд хоёр сар гаруй болж байгаа ч богино хугацаанд хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн болгож чаджээ. Үүгээр зогсохгүй бүтээгдэхүүнээрээ Нүүдэлчин фестиваль, Улаанбаатар хотноо болсон Намрын ногоон өдрүүд үзэсгэлэн худалдаанд аймаг орон нутгаа төлөөлөн амжилттай оролцоод ирсэн байна.  Ингэхдээ томоохон сүлжээ дэлгүүрүүдээс хамтран ажиллах саналыг ч авсан байна.


Одоогоор бүтээгдэхүүнээ бүгдийг гар аргаар үйлдвэрлэж байгаа. Үйлдвэрийн тоног төхөөрөмжөө оруулж ирэхээр ажиллаж байгаа. Ингэвэл бид нэг цагт зуун ширхэг цайг үйлдвэрлэх хүчин чадалтай болно. Үүний дараагаар худалдааны байгууллагуудтай хамтран ажиллахаар төлөвлөж байна. Одоогоор хүргэлтээр гэдгээ тэрбээр хэлсэн юм. 

Холбоотой мэдээ