ХӨВСГӨЛ: Номын сангаар ихэвчлэн 18-аас доош насныхан үйлчлүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-09-28 16:09:51

Мөрөн, 2023 оны есдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Соёлын сайд Ч.Номин өчигдөр Хөвсгөл аймгийн Нийтийн номын сан, Орон нутаг судлах Музейн үйл ажиллагаатай танилцлаа.



Аймгийн нийтийн номын сан анх 1944 онд цуглуулгын 1000 шахам номтой, нэг орон тоотойгоор аймгийн клубийн дэргэд байгуулагдаж байсан түүхтэй.


Нийтийн номын сан нийт 70 мянга орчим номын фондтой бөгөөд 1959 оноос хойш өдөр тутмын сониныг архивлан хадгалж байна.


Жилд давхардсан тоогоор 34 мянган иргэнд үйлчилдэг бөгөөд нийт үйлчлүүлэгсдийн 75 орчим хувь нь 18-аас доош буюу ерөнхий боловсролын сургуулийн сурагчид эзэлж байна.



Цаашид Нийтийн номын санг нэгдсэн цахим бүртгэлийн системд холбох, соёлын салбарын үйл ажиллагааг цахимжуулах чиглэлийг Соёлын сайд Ч.Номин өглөө.  


Нийтийн номын сангийн хамт олон номын баярыг угтан 3 дугаар сараас эхлэн тэргүүний уншигч хүүхэд, тэргүүний уншигч номын нөхөр төрийн албан хаагч, шилдэг  номын санч, МУСГЗ хүүхдийн зохиолч Д.Даваанямын мэндэлсний 80 насны ойд зориулсан уран уншлага болон номын тэмдэглэл хөтлөх уралдааныг зарласан байна.


Мөн номын ертөнц уншигчийн номын тэмдэглэлийн үзэсгэлэн, чөлөөт уншлага, номын үзэсгэлэн, хуучин номын худалдаа зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж, 5000 гаруй хүүхэд, залууст хүрч үйлчилсэн гэдгийг энэ үеэр онцолж байлаа.

  

Холбоотой мэдээ