ӨВӨРХАНГАЙ: Шүд угаалтын аварга сурагчдыг шалгарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-10-24 16:24:34

Арвайхээр, 2023 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. “Эрүүл шүд” хөтөлбөрийн хүрээнд шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээнийг орон даяар зохион байгуулж байна.


Өвөрхангай аймагт тус тэмцээнийг энэ сарын 23-ны өдөр зохион байгуулж, Арвайхээр сумын ерөнхий боловсролын 6 сургуулийн 160 сурагч амны хөндийн эрүүл ахуйг сахих, шүд угаах зөв аргачлалын талаар мэдлэг, чадвараа шалган өрсөлдлөө. Эдгээр сурагчид үе тэнгийнхэндээ сургагч багш болохын тулд хоёр сарын турш бэлтгэгдсэн юм.



Тэмцээний үеэр хүүхдүүд жигнэмэг идэж, шүдэнд зориудаар өнгөр суулгасны дараа бүгд адил нэг төрлийн сойзоор угааж цэвэрлэн улмаар шүдийг тусгай зориулалтын будагч бодисоор будаж, гэрэлд шалгаж шүдээ хэрхэн зөв угаасныг мэргэжлийн эмч нар шүүн оноо өгч дүгнэлээ. Мөн онолын мэдлэгийг шалгасан бөгөөд тэмцээний эхний гурван байрыг Алтангадас одонт 1 дүгээр сургуулийн “Инээмсэглэл–3” баг, “Инээмсэглэл-1” баг, 5 дугаар сургуулийн “Цэмцгэр шүд” багийн сурагчид шалгаран шагналаа гардан авлаа. Мөн хамгийн сайн шүдээ угаасан сурагчдыг шалгаруулав.



Сурагчдын амны хөндийн боловсролыг дээшлүүлэх, шүдээ зөв угаах аргачлалыг эзэмшүүлэх, шүдээ тогтмол угаахын ач холбогдлыг олон нийтэд таниулах, сурталчлах зорилготой тус тэмцээнийг зохион байгуулахад Эрүүл мэндийн яам, Тайванийн шүдний холбоо, АШУҮИС-ийн Нүүр ам судлалын сургууль, Монголын Шүдний Ерөнхий эмч нарын Талст холбоо, Өвөрхангай аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Боловсрол шинжлэх ухааны газар, “Гантиг” шүдний эмнэлэг, “Цахиур” шүдний эмнэлэг хамтран оролцжээ.

 

Холбоотой мэдээ