ДОРНОГОВЬ: Домогт Хатны булгийн нууц

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-10-25 14:19:58

Сайншанд, 2023 оны аравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн урд хил Хатанбулаг сумын нутагт Хатны булаг хэмээх ус ургамал жигдэрсэн говийн баян бүрд бий.


Сумын төвөөс баруун урагш 25 км зайд орших энэ газрын тухай нутгийн иргэдээс үлдсэн домог хууч цөөнгүй. Чингис хаан 1226 онд Тангуд улсыг дайлаар мордож одоогийн Хатанбулаг сумын нутаг Сайрын ус, Эргэлийн зоогоор орж, Хатны булаг дээр буудаллаж, бага борлог мориороо анд мордож хулан агнаж яваад, мориноосоо унаж бэртэн жил шахам нутагласан гэх домогтой.


Үүний ул мөр Хатны булгийн хоёр талд баруун, зүүн шивээ гэдэг нэртэй хоёр жижиг толгойд харуул, хэвтүүл байсан гэдэг. Булгийн ойролцоо нэгэн түмэн цэрэг байрлаж байсан болов уу гэмээн хүрээ гэж нэрлэгддэг чулуугаар барьсан таван хашаа болон Хатны бунхан нэртэй овоолго байдаг. Үүнийг Чингис хааны хатны бунхан гэж нэрлэдэг. Хатанбулаг сумын ИТХ-ын 1998 оны 4/8 дугаар тогтоолоор Хатны булгийг тусгай хамгаалалтад авчээ.


Хатны булгийн домгийг Чингис хааны хатан Татаарын Есүй, эсвэл Мэргэдийн Хулан хатны түүхтэй холбон үздэг ч сүүлийн үеийн судалгаа шинжилгээний дүгнэлтээр Монголын төрийн их үйл хэргийг гүйцэтгэж байсан Мандухай сэцэн хатны үйл хэрэгтэй хамааруулж үзсэн судалгааны бүтээл гараад байна. СУИС-ийн Соёл, урлаг судлалын хүрээлэн, ШУА-ийн Түүх угсаатны зүйн хүрээлэнгийн хамтарсан “Хатны булгийн нууцаас” хээрийн судалгааны анги 2016-2018 оны хооронд Дорноговь аймгийн Хатанбулаг суманд судалгааны ажил хийсэн юм.

Уг судалгааг гардан зохион байгуулсан судлаач С.Өлзийбаяр, Б.Баатархүү, Б.Очир, А.Уранжаргал нарын хамтын бүтээл “Домогт хатны булаг” ном хэвлэгдэж олны хүртээл болсон. Судалгаагаар говийн бүсэд босгосон шороон хэрэм, хэрэм орчмын түүх соёл дурсгалыг бүртгэхэд Мин Улсын үеийн хөх шаазан, цагаан шаазан зэрэг олон олдвор олджээ. Хатны булаг орчим явуулсан археологийн судалгааны үр дүнд он цагийг нарийвчлан тогтоох ховор үнэт олдворууд гарсан бөгөөд Мин Улсын үед хийгдсэн хөх цагаан шаазан, дээрээ бичиг бүхий хүрэл толь зэрэг болно.


Үүнээс үзвэл Хатны булгийн тухай домог нь эрдэмтдийн судалгааны он цагаар Монголын эзэнт гүрний улс төрийн бутралын үетэй давхцаж буй бөгөөд Монголын төрийг удирдаж байсан хүчирхэг хатан Мандухайн үйл ажиллагаатай холбогдож буйг тогтоожээ. Даян хааны үед Мин Улсаас ширүүн довтолгоо ирж байсан бөгөөд урд зүгийн довтолгооноос сэргийлэх зорилгоор хамгаалалтын бэхлэлт барих болсны нэгэн илрэл нь Хатны булгийн шороон хэрмийн цогцолбор дурсгал болно.

Тиймээс эл баянбүрдийг зоригт сэцэн хатан Мандухайн нутаглаж байсантай холбогдуулан Хатны булаг хэмээн нэрлэх болсон бөгөөд эсвэл хатан дайн тулааны зорилгоор эдгээр хэрмүүдийг барьж байгуулсантай уялдаад булгийг ийн нэрлэх болсон байж магад хэмээн судалгааны бүтээлд дурджээ. Хатны булгаас холгүй орших баруун зүүн Хасар уул нь бэлчээр усны нөөц сайтай, нөмөр нөөлөгтэй, хавьдаа хамгийн өндөрлөг тул алсын бараа тольдоход  нэн тохиромжтой байгаа нь хаад язгууртны суух нутаг орны шинжийг хадгалсан байна гэх зэргээр бичжээ.


1400-гаад оны хоёрдугаар хагаст Монголын төрийн жолоонд товойн гарсан хүн бол Батмөнх даян хаан. Тэр цагт Чингисийн шууд угсааны хүн өчүүхэн хөвгүүн Батмөнхөөс өөр байхгүй тул Онон голоор нутагтай Өнө болад ван /зарим эх сурвалжид нэрийг өөр өөр бичиж байна/ тэргүүтэй Хабат Хасарын угсааны ноёд Мандуул хааны бага Хатан Мандухай сэцэнд “Галыг чинь цахиж, нутгийг чинь зааж өгье” хэмээн шаардлага тавьж хаан ширээ булаахыг оролдсон боловч Мандухай болон тухайн үеийн сурвалжит Ноёд эрс эсэргүүцэн боссон байдгийг бид мэдэх билээ.


Батмөнхийн хүүхэд ахуй цаг үед Халх, Ойрад хоёр хямралдан Ойрадын ноёдууд “Боржгины үрийг тасалъя. Охин бол үсийг нь самная, хүү бол голыг нь самная /Алах/   хэмээн улайран тэмцэлдэж байв.

Энгүд отгийн Цоросбай Чинсэнгийн охин Мандухайд балчир даян хааныг Тангудын Төмөр хадаг хүргэж өгсөн гэдэг. Ингэснээр Даян хааныг эрийн цээнд хүрэх он жилүүдэд Мандухай сэцэн хатан төрийн жолоог чиглүүлж 1470 онд долоон настай Батмөнхийг хаан сууринд суулгаж “Амь нь бат төр нь мөнх, явдал ёсон сайн, даян бүгдийн эзэн болтугай” гэж даян цол өргөж  их хаанаар өргөмжилжээ. Батмөнх даян хааныг  "Халх ойрадын цавчилдааныг эцэс болгож, зургаан түг түмнийг эмхлэн цуглуулж энхжин жаргуулсан, гар газар хөл хөсөр, энх цагийг тогтоосон, даян хаан нас заяа, үр үндэс алинаар ч тэгш сайхан байжухуй” хэмээн магтан сайшаасан байдаг.


Түүхт хааны мэндэлсэн газар Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутаг мөн болохыг сүүлийн үеийн эрдэмтдийн судалгаа, бүтээл харуулж байгаа аж. Ер нь Монголын Их хаадын орд өргөө үеийн үед Хэрлэн, Онон, Туул, Орхоны хөндийд төвлөж эндээс их хэргийг удирддаг байсныг түүхийн эх сурвалж өгүүлдэг. Харин Чингисийн 15 дахь үеийн ач, Даян сэцэн хааны орд өргөө Хангай уулаас урагш говийг өнгөрч суурьшсан төдийгүй Хөх хот хүртэл орд өргөөгөө шилжүүлж байсан нь урд зүгээс ирэх аюулыг гэтэлгэх дайн тулааны зорилготой байсны дээр өөрийн нутгаа үр хүүхдүүдээ хуваан захируулсантай ч холбоотой байхыг судлаачид хэлдэг.

Ийнхүү XV зууны үед Монголын төрийн жолоог атгаж явсан Батмөнх даян хаан, зоригт хатан Мандухай хатны амьдрал хийгээд эх орныхоо тусгаар тогтнолын төлөө тэмцсэн тэмцэлийн нэгээхэн хэсэг нь говь нутагтай холбоотой ажгуу.

Холбоотой мэдээ