БАЯНХОНГОР: Энэ онд 1742 кг алт хайлж гулдмайлан сорьц тогтоожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2023 оны аравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Баруун бүсийн тулгуур төв болох Баянхонгор аймагт Алтны сорьц тогтоох, худалдан авах нэг цэгийн үйлчилгээ нэвтрүүлсний таван жилийн ой болж байна. Тус лаборатори
2018 онд 87кг 81 ширхэг алтан гулдмай,
2019 онд 651кг 452 ширхэг
2020 онд 1229кг 636 ширхэг
2021 онд 1267кг 599 ширхэг
2022 онд 1395кг 714 ширхэг
2023 онд 1742кг 776 ширхэг алтан гулдмай хийж, сорьц тогтоогоод байна.
"Уг тоо баримтаас харахад Сорьцын лабораторийн ачаалал жил ирэх тусам нэмэгдэж, хэрэгцээ шаардлага ихэсч байгааг харж болохоор байгаа аж. Сорьцын лаборатори нь Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны “Алт-2” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Монголбанк, Швейцарын хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төсөл болон Стандарт, хэмжил зүйн газрын харьяа Үнэт металлын сорьцын хяналтын газартай хамтран орон нутагт анх удаа хэрэгжүүлсэн ажил.
Улсын хэмжээнд манай аймгаас гадна Дархан-Уул аймагт тус лаборатори ажилладаг. Стандарт хэмжилзүйн газар, Монголбанк, Швейцарын хөгжлийн агентлаг нь Дархан-Уул, Баянхонгор аймагт лаборатори байгуулахад нийт 900 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Үнэт металл хайлж гулдмайлан сорьц тогтоох, алт худалдан авах ажиллагааг Баруун бүсийн хэрэглэгчдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх ажлыг манайх гардан зохион байгуулж байна" гэдгийг Баянхонгор аймгийн Стандарт, хэмжилзүйн хэлтсийн Үнэт металлын сорьц тогтоох лабораторийн эрхлэгч Б.Алтанчимэг ярив.
Үнэт металлын сорьц тогтоох лаборатори нь Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт хэмжил зүйн газрын Баянхонгор аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн дэргэд үйл ажиллагаа явуулдаг. Лаборатори нь Монгол Улсын “Эрдэнэсийн сангийн тухай”, “Ашигт малтмалын тухай” хууль тогтоомж, Засгийн газрын 2010 оны 281 дүгээр тогтоолоор хүлээсэн чиг үүргийг сурталчлах, хүргэх, сорьцын баталгаат байдлыг хууль тогтоомжийн хүрээнд ажилладаг байна. Өмнө нь алтны арилжаа эрхлэгчид Улаанбаатар хотод, нэг цэгт төвлөрөн дугаар дараалал болж, зардал чирэгдэл ихтэй үйлчлүүлдэг байсныг цэгцэлсэн томоохон ажил болжээ.