Ж.Байден, Б.Нетаньяху нар утсаар ярьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
odondarjaa@montsame.gov.mn
2023-11-07 12:30:32

ВАШИНГТОН, 2023 оны арваннэгдүгээр сарын 7 /VoA/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху нар даваа гарагт утсаар ярих үеэрээ Газын зурвас дахь байлдааны ажиллагааны үеэр хүмүүнлэгийн үүднээс түр гал зогсоох боломж, барьцаалагдсан хүмүүсийг суллах арга замуудыг хэлэлцжээ.


Энэ тухай Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн стратегийн харилцаа холбоо хариуцсан зохицуулагч Жон Кирби мэдэгдээд, АНУ, Израилын засгийн газар хүмүүнлэгийн тусламжийн түр завсарлага авах асуудлаар яриа хэлцлээ үргэлжлүүлэх бөгөөд Ж.Байден, Б.Нетаньяху нар ойрын өдрүүдэд энэ талаар дахин хэлэлцэхээр тохиролцсоныг онцоллоо.


"Байлдааны ажиллагааны явцад түр гал зогсоох асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэнэ гэдэгт найдаж болно. Бид энэ яриа хэлцлийг дуусгаагүй, дөнгөж эхлүүлж байна" гэж Ж.Кирби сэтгүүлчдэд хэлжээ.


Ж.Кирбигийн хэлснээр, илүү олон тооны америкчуудыг Газаас гаргах төлөвтэй байгаа, мөн хүмүүнлэгийн тусламж ихээр ирж байгаатай холбогдуулан тухайн асуудлуудаар яриа хэлэлцээ үргэлжилсээр байна.


Ж.Байден, Б.Нетаньяху нар Баруун эрэг дэх нөхцөл байдлын талаар мөн ярилцжээ.

Холбоотой мэдээ