ДУНДГОВЬ: Олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-11-08 17:24:54
altantogos

Мандалговь, 2023 оны арваннэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн УЦУОШТ-ийн мэдээлснээр өвлийн саруудад олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байна.


Тодруулбал, 2023 оны 12 дугаар сараас 2024 оны хоёрдугаар сар хүртэлх хүйтний улирлын уур амьсгалын тойм мэдээнээс үзвэл 12 дугаар сард ихэнх нутгаар, нэг болон хоёрдугаар сард нутгийн зүүн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу цас орох ажээ.


Агаарын дундаж температурын хувьд 12 ба нэгдүгээр сард ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, хоёрдугаар сараас дулаарч, нутгийн зүүн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна.


Арванхоёрдугаар сард сарын дундаж агаарын температур нутгийн өмнөд хэсгээр -10-16 градус, бусад нутгаар -16-24 градус хүйтэн байдаг. Харин нэгдүгээр сард бага зэрэг хүйтэрч, хоёрдугаар сард дулаан байдаг байна.


Дундговь аймгийн Говь-Угтаал, Баянжаргалан, Цагаандэлгэр, Өндөршил, Сайнцагаан сумын малчид жил бүр намрын дунд сарын шинийн 15-нд нутгийнхаа өндөрлөг газарт гарч, тэнгэр хангайг шинжин, тухайн өвлийн өнгө, төрхийг тодорхойлдог уламжлалтай. Уулан дээр гарч, тэнгэр хангайгаа шинжсэн малчдын хэлсэн, ярьсныг нутгийн малчид ам дамжин сонсож, зарим нь өвөлжилтийн бэлтгэлээ хангаж, отор нүүдлээ зохицуулах нь ч бий.


Энэхүү уламжлалын дагуу Соёлын гавьяат зүтгэлтэн, цаг уурч, сэтгүүлч Д.Шагдарсүрэн болон тэнгэр унших эрдэмд суралцсан С.Пунцагдорж, Ц.Баяр, Ш.Эрдэнэбулган, М.Баасанжав, Д.Таванжин, Лхагвасүрэн нарын малчид энэ жилийн намрын дунд сарын 15-нд Говь-Угтаал сумын Бага залаа, Хараат уулан дээр гарч, од, сар, үүл, салхи, нар, тэнгэрийн байдлыг ажиглан таамаг дэвшүүлжээ.


Тэнгэр шинжээч Д.Таванжин, Ш.Эрдэнэбулган нар энэ жил цас ихтэй, хатуу өвөл болно, хүйтэн болно хэмээн шинжсэн бол Ц.Баяр амны цастай, өвлийн сүүл сард хүйтэрнэ, түүнээс хойш дулаарна гэжээ.


Тэнгэр хангайгаа уламжлалт аргаар шинжсэн энэхүү таамаг болон УЦОШТ-өөс гаргасан цаг уурын улирлын тойм, мэдээнээс үзэхэд энэ өвөл олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй байна. Тиймээс мэргэжлийн байгууллагаас малчдад өвлийн бэлтгэлээ сайтар хангах, өвс, тэжээлээ бэлтгэх, бууцаа дулаалах, богино хугацааны урьдчилсан мэдээг цаг тухай бүрт нь авч ахуй амьдралдаа ашиглаж байхыг зөвлөжээ. 

Холбоотой мэдээ