Amazon-ы ажилчид “хар баасан гарагт” ажил хаялт зарлажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
НЬЮ-ЙОРК. 2023 оны арваннэгдүгээр сарын 25 /MarketWatch/. АНУ, Их Британи, Герман, Итали, Испани улсууд дахь Amazon компанийн агуулахын ажилчид, жолооч нар цалингаа нэмэгдүүлэх, ажлын нөхцлийг сайжруулахыг шаардан “хар баасан гарагт” ажил хаялт зохион байгуулна гэж олон улсын үйлдвэрчний эвлэлийн "UNI Global Union" холбоо мэдэгджээ.
Тухайлбал, Герман дахь түгээлтийн таван төвийн ажилчдын зарласан 24 цагийн ажил хаялт эхэлсэн байна. Их Британийн Ковентри хот дахь агуулахын 1000 гаруй ажилтан ажил хаяжээ. Тэдэнтэй 30 гаруй орны ажилтнууд нэгдэж магадгүй байна.
Ажил хаялтын улмаас нийлүүлэлтийн сүлжээ тасалдаж, цахим худалдааны хувьд хамгийн ачаалалтай байдаг өдрүүдийн нэгэнд бараа хүргэлт саатаж болзошгүй юм.
Герман дахь Amazon-ы төлөөлөгч хэлэхдээ, ажилчдын ажил хаялт бараа хүргэх хугацаанд нөлөөлөхгүй гэж мэдэгдсэн бол Их Британи дахь төлөөлөгч "манай компани ажилчдадаа маш өндөр цалин урамшуулал, ажил мэргэжлээрээ ахих боломжийг олгодог ба орчин үеийн шаардлагад нийцсэн хөдөлмөрийн аюулгүй байдлын нөхцлийг бүрдүүлдэг" гэж онцолжээ.
Amazon-ы ажилтнууд "хар баасан гарагт" янз бүрийн эсэргүүцлийн ажиллагааг дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна.
Баасан гаргийн арилжааны явцад Amazon-ы хувьцаа 0.1 орчим хувиар буурсан байна. Он гарснаас хойш компанийн хөрөнгийн хэмжээ 75 хувиар өсөж, 1.52 их наяд долларт хүрчээ.