“Дэлхийн Экспо-2030” үзэсгэлэн Саудын Арабад болно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ПАРИС, 2023 оны арваннэгдүгээр сарын 29 /Reuters/. “Дэлхийн Экспо-2030” үзэсгэлэнг зохион байгуулах хотоор Саудын Арабын нийслэл Эр-Рияд хот сонгогдлоо. Ингэснээр Катар улс хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсны дараа Персийн булангийн бас нэгэн оронд дахин нэг томоохон арга хэмжээ болох гэж байна.
Таван жилд нэг
удаа болдог энэхүү үзэсгэлэнг зохион
байгуулах эрхийн төлөө Эр-Риядаас гадна Өмнөд Солонгосын Бусан,
Италийн Ром хотууд өрсөлдсөн юм. “Дэлхийн Экспо” нь олон сая жуулчин, олон тэрбум долларын хөрөнгө оруулалт
татдаг билээ.
Парис хотод төвтэй
Олон улсын үзэсгэлэнгийн товчооны /BIE/ 182 гишүүний мягмар гарагт өгсөн саналын дүнгээр Эр-Рияд 119, Бусан 29, Ром 17 санал авсан байна. Саудын Араб эхний шатанд ялахын тулд нийт
сонгогчдын гуравны хоёрын саналыг авах шаардлагатай байв.
Харин Италийн тал санал хураалтын дүнг хатуу шүүмжилжээ. Тус улсын EXPO-гийн хорооны тэргүүн Жиампиеро Массоло хэлэхдээ "Саудын Араб ийм олон тооны санал авсан нь гэнэтийн үйл явдал боллоо. Энэ бол гавьяа зүтгэл бус наймаалцаан" гэсэн байна. “Өчигдөр тэнд хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болсон. Маргааш олимп болно” гэж тэрбээр нэмж хэлжээ.
Саудын Араб улс 2034 оны хөл бөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөхөө зарласан
цорын ганц нэр дэвшигч бөгөөд Олимпын наадмыг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөж магадгүй байгаа ажээ.
Өмнөд Солонгосын
тал мөн адил санал хураалтын
дүнд сэтгэл дундуур байгаагаа илэрхийллээ. Ерөнхийлөгч Юн Сог
Ёлийн хэвлэлийн нарийн
бичгийн дарга Ким Юн Хэ мэдэгдэхдээ "хувийн хэвшлийн болон төрийн байгууллагууд нэг баг болж, бидний зүгээс ихээхэн хүчин чармайлт гаргасан
боловч санал хураалтын дүн сэтгэл
гонсойлголоо”
гэсэн байна.
Эр-Рияд хот "Дэлхийн Экспо”-г 2030 оны 10 дугаар сараас 2031 оны 3 дугаар сар хүртэл зохион байгуулах санал гаргажээ. Энэхүү ялалт нь улс орноо газрын тосны хараат байдлаас гаргах зорилгоор угсаа залгамжлах хунтайж Мухаммед бин Салманы дэвшүүлсэн “Vision 2030” гэдэг амбицтай хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд таатай үйл явдал болж байна.