ӨВӨРХАНГАЙ: Ц.Идэрсайхан: Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин 50 орчим хувиар нэмэгдэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-12-05 17:03:22

Арвайхээр, 2023 оны арванхоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/.  Аймгийн ИТХ-ын XXIII хуралдаан 11 дүгээр сарын 29, 30-ны өдөр хуралдаж, орон нутгийн 2024 оны төсвийг баталсан. Аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн дарга Ц.Идэрсайханаас ирэх жилийн төсвийн онцлог талыг тодрууллаа.


-2024 оны аймгийн төсвийн орлого, зарлагыг ямар дүнгээр баталсан бэ?

-2024 онд аймгийн төсвийн нийт орлогыг 63.4 тэрбум, зарлагыг мөн адил 63.4 тэрбум төгрөгөөр баталсан. Өвөрхангай аймаг нийт орлогынхоо 55 хувийг улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг болгож авдаг. Үлдсэн 45 хувийг татварын болон татварын бус орлогоор бүрдүүлж байна. 2024 онд улсын төсвөөс 33 тэрбум төгрөгийн дэмжлэг авч байгаа.

Төсвийн зарлагын 40 гаруй хувийг цалин, нийгмийн даатгалын шимтгэл, үлдсэн 60 гаруй хувийг урсгал зардал эзэлдэг.


-Ирэх онд төрийн албан хаагчдын цалинг ямар байдлаар нэмэх вэ? Орон нутгийн төсөвт энэ чиглэлээр хөрөнгө суулгав уу?

-2024 оны төсвийн онцлог гэвэл төрийн захиргаа, үйлчилгээ, улс төрийн албан хаагчдын цалингийн тогтолцоонд өөрчлөлт орж байгаа.

2024 оны 4 дүгээр сарын 1-нээс төрийн үйлчилгээний албаны ажилтнуудын цалинг 20 хувиар, бусад төрийн албан хаагчдын цалинг 10 хувиар нэмэгдүүлнэ.


2023 онд зөвхөн орон нутгийн төрийн захиргааны болон улсын төсвийн байгууллагын төрийн захиргааны албан хаагчдад орон нутгийн нэмэгдлийг олгодог байсан. Тэгвэл ирэх онд аймагт ажиллаж байгаа улс төр, төрийн захиргаа, төрийн үйлчилгээний албан хаагчдад 20 хувь, хөдөөгийн суманд ажиллаж байгаа алба хаагчдад 40 хувиар орон нутгийн нэмэгдэл цалин олгохоор баталсан.


Мөн аймаг, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал орон нутгийн хөгжлийн бодлогын хүрээнд орон нутгийн нэмэгдлийг 100 хүртэл хувиар нэмж олгох эрхзүйн орчин бүрдсэн.

Ингэснээр үйлчилгээний албан хаагчдын цалин дунджаар 50 орчим хувиар, бусад төрийн албан хаагчдын цалин 30 орчим хувиар нэмэгдэж байгаа. Төрийн үйлчилгээний жижүүр, үйлчлэгч, жолооч нь гар дээрээ 1.1 - 1.2 сая төгрөг авах боломжтой болж байна.

Түүнээс гадна Төрийн албаны тухай хуулийн 51-р зүйлийн 51.3-т суманд тасралтгүй таван жил ажилласан төрийн захиргааны албан хаагч зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг авах юм. 2024 ны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх энэ шийдвэрийн хүрээнд 119 төрийн албан хаагчдад 918.2 сая төгрөгийг олгохоор орон нутгийн суурь зарлагад тооцсон.


-Орон нутгийн хөгжлийн санг хэрхэн хөрөнгөжүүлэх вэ?

-2024 онд орон нутгийн хөгжлийн санд 13.8 тэрбум төгрөгөөр баталлаа. Үүний 60 хувийг суманд, 40 хувийг аймгийн ОНХС-д баталдаг. 2024 онд аймгийн ОНХС-аас  иргэдийн санал авсан 15 төсөл, арга хэмжээнд 5.2 тэрбум төгрөгийг зарцуулахаар төсөвлөсөн. Сумдын ОНХС-д 8.6 тэрбум төгрөгийг газар нутгийн алслалт, хүн амын тоо, эдийн засгийн үзүүлэлт зэргийг харгалзан харилцан адилгүй хуваарилаад байна. 

Холбоотой мэдээ