ЗАВХАН: Ирэх онд мод тарих, цэцэрлэгжүүлэх ажилд илүү хөрөнгө зарцуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-12-06 14:47:02

Улиастай, 2023 оны арванхоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Дөрвөлжин суманд аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн 1 тэрбум 509 сая гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр баталжээ.


2023 оны 12 дугаар сарын 1, 2-ны өдөр Завхан аймгийн ИТХ-ын 15 дугаар хуралдаан хуралдаж, аймгийн 2024 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө, төсвийг баталсан аж. Аймгийн 2024 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөг таван бүлэг 280 арга хэмжээтэй баталсан байна.  


Дөрвөлжин сумын татварын орлого орон нутгийн төсөвт 800 гаруй сая төгрөгөөр давж биелэхээр хүлээгдэж буй гүйцэтгэлтэй байна.


Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сумын соёлын төвийн барилгын урьдчилгаа 30 хувийн санхүүжилт болох 1 тэрбум  гаруй төгрөг, аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар мал нядалгааны цех байгуулахаар 90 сая төгрөг баталсан байна.


Түүнчлэн Дөрвөлжин суманд барих мал нядалгааны цехед гүний худаг гаргах, цахилгаан дамжуулах шугам татахад зориулж 80 сая төгрөг, 70 сая төгрөгөөр хамгийн хол баг болох Онц багийн нутаг давсны орд газарт элсний нүүдлээс хамгаалах хайсжуулалт, мод тарихаар болсон.



Сумын спорт заалыг засварлаж, тоног төхөөрөмжөөр хангахад 70 сая, Цогт багт инженерийн хийцтэй худаг гаргахад 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг аймгийн ИТХ-аас баталсан.


Энэ жил түүхэн 100 жилийнхээ ойг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтыг өрнүүлж, мод тарьж цэцэрлэгжүүлэх ажилд илүү их хөрөнгө зарцуулна гэж Дөрвөлжин сумын ЗДТГ-аас мэдээлэв. 

Холбоотой мэдээ