"Олон улсын шилжин суурьшигчийн өдөр”-ийг тэмдэглэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-12-06 16:29:58

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. “Олон улсын шилжин суурьшигчийн өдөр”-ийг жил бүрийн 12 дугаар сарын 18-нд тэмдэглэнэ.


Энэ өдрийг угтан Олон улсын Шилжилт хөдөлгөөний байгууллагаас хэрэгжүүлж буй төслүүд, онцлох үйл явдал болон “Өөрийн хүсэлтээр эх орондоо эргэн ирж, суурьших” хөтөлбөрийн хүрээнд хийсэн “Гадаад улсад ажиллаж амьдарч буй монгол иргэд, мөн эх орондоо ирсэн иргэдийн нөхцөл байдлын судалгаа”-ны үр дүнг танилцууллаа. Энэ үеэр ХНХ-ын дэд сайд С.Зулпхар ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний талаарх бодлогын үйл ажиллагаа, үр дүнгийн тухай дурдсан юм. Тэрбээр “Шилжилт хөдөлгөөнийг зөв зоxистой удирдаxад оновчтой бодлого, менежмент, шилжин суурьшигчдад ээлтэй үйлчилгээг үзүүлэx нь чуxлыг Засгийн газар мэдэрч энэ чиглэлд тодорхой санаачилга бүxий бодлогоор дамжуулан бодит ажлуудыг орон нутагт эхлүүлээд байгаа”-г онцлов.


ХНХЯ, НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллага нь дотоодын шилжилт хөдөлгөөнийг зохицуулах, хилийн чанадаас эргэн ирэгсдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр үр дүнтэй хамтран ажиллаж ирсэн билээ. НҮБ-ын ОУШХБ нь 2008 оноос Монгол Улсад дотоодын шилжилт хөдөлгөөний удирдлагыг бэхжүүлэх, хилийн нэгдсэн удирдлагыг сайжруулах, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, гамшгийн бэлэн байдлыг хангах, гадаад орноос иргэд өөрийн хүсэлтээр эх орондоо эргэн ирэх, суурьшихад дэмжлэг үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж, төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаа юм.

Холбоотой мэдээ