Армени, Азербайжан улсууд хоёр талын харилцааг сайжруулахаар тохиролцлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-12-08 09:48:48

ЕРЕВАН/БАКУ, 2023 оны арванхоёрдугаар сарын 8 /Xinhua/. Армени, Азербайжан улсууд анх удаа зуучийн оролцоогүйгээр шууд хэлэлцээ хийсний үр дүнд дайнд олзлогдогсдыг суллах замаар итгэлцлийг бэхжүүлэх алхмуудыг хийх тохиролцоонд хүрлээ гэж пүрэв гарагт гаргасан хоёр орны хамтарсан мэдэгдэлд дурджээ.


Азербайжаны Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Арменийн Ерөнхий сайдын ажлын албанаас гаргасан мэдэгдэлд “Хоёр улс харилцаагаа хэвийн болгох, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын зарчмыг хүндэтгэх үндсэн дээр найрамдлын гэрээ байгуулах хүсэлтэй байгаагаа дахин нотолж байна” хэмээн тэмдэглэсэн байна.  


Тохиролцооны дагуу Азербайжан Арменийн 32 цэргийг суллах бол Армени Азербайжаны хоёр цэргийг суллана. Мөн Армени улс уур амьсгалын тухай НҮБ-ын Суурь конвенцод нэгдэн орсон талуудын 29 дүгээр бага хурлыг /COP29/ зохион байгуулах Азербайжаны хүсэлтийг дэмжин өөрийн нэрийг татан авч, Азербайжан Зүүн Европын бүлгийн COP-ын товчооны гишүүн болоход Арменийг дэмжихээ амласан байна.


Армени, Азербайжан улсууд итгэлцлийг бэхжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлд хэлэлцээгээ үргэлжлүүлж, хоёр орны харилцан итгэлцлийг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах хүчин чармайлтаа дэмжихийг олон улсын хамтын нийгэмлэгт уриална гэж хамтарсан мэдэгдэлд дурджээ.


Хоёр орон Азербайжаны нэг хэсэг хэмээн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Уулын Карабах хэмээх маргаантай бүс нутгийн асуудлаар 1988 оноос хойш маргаантай байгаа юм. 1994 онд гал зогсоох тохиролцоонд хүрснээс хойш үе үе зэвсэгт тулгаралт гарч байсан хэдий ч энхийн хэлэлцээ үргэлжилсээр байгаа билээ.

Холбоотой мэдээ