Бодит боловч хийсвэр, энгийн боловч олон талт “Ногоон морьтнууд”

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2024-01-18 16:34:56

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Монголын орчин үеийн дүрслэх урлагийн "Ногоон морь" нийгэмлэгийн 35 жилийн ойд зориулан тус нийгэмлэгээс гарсан үе үеийн уран бүтээлчдийн "Маргаашийг өөрчлөх тэмүүлэл" хамтарсан үзэсгэлэнг Монголын Урчуудын Эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 17-нд нээлээ. 


"Ногоон морь" нийгэмлэг 1990 оны арваннэгдүгээр сарын 14-нд үүсэн байгуулагдсанаар Монголд комтемпорари урлагийн эхлэлийг тавьсан хэмээн урлаг судлаачид үздэг.


Үзэсгэлэнгийн ерөнхий куратор Ц.Уранчимэг, “Модернизм, контемпорари урлагийн чухал ялгааг өрнөдийн урлагт Марсел Дюшан харуулсан бол Монголын урлагт “Ногоон морь”-ийн уран бүтээлчдийн үзэж харах, ухаан бодлыг задлахыг зорьсон бүтээлүүд нийгэмд шинэ эрин үеийг эхлүүлсэн. “Ногоон морь” нийгэмлэгийг үүсгэн байгуулсан Г.Эрдэнэбилэг, Ё.Далх-Очир, Б.Гансүх, С.Машбат нарын уран бүтээлчийн уран зургууд бодит боловч хийсвэр, энгийн боловч олон талт байдгаараа онцлог. Тэдний лэнд арт хэмээх шинэ төрлөөр 35 жилийн өмнө бүтээсэн бүхэн нь “дотоод сэтгэл, ертөнцөө нээн өөрөө өөрийгөө мэдэрсэн” тул хүн-сэтгэхүйгээр тайлах учиртай бүтээлүүд бөгөөд эргээд харахад өнөөдөр ч хүчтэй болон шинэлэг харагдана” хэмээжээ.


Тус үзэсгэлэнд "Ногоон морь" нийгэмлэгийг үндэслэн байгуулсан уран бүтээлчдийн 1989-1990 онд хийсэн түүхэн бүтээлүүд болон 1992 онд нээгдсэн "Ногоон морь" сургуульд суралцаж байсан уран бүтээлчдийн шилдэг бүтээлүүдийг дэлгэжээ.


Үзэсгэлэн энэ сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.













Холбоотой мэдээ