Финландын Ерөнхийлөгчийн сонгуульд Александр Стубб яллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-02-12 19:27:47

ХЕЛЬСИНКИ, 2024 оны хоёрдугаар сарын 12 /ВВС/. Финландын ерөнхий сайд асан Александр Стубб Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдахь шатанд ялалт байгуулснаар долоон жил завсарласны эцэст их  улс төрд эргэн ирж байна.  


Бүх саналын хуудсыг тоолсны дараах байдлаар Стубб 51,7 хувь, түүний гол өрсөлдөгч, Гадаад хэргийн сайд асан Пекка Хаависто 48,3 хувийн санал авчээ. Сонгогчдын ирц 70,7 хувьтай байжээ.


А.Стубб гуравдугаар сарын 1-нд албан ёсоор Ерөнхийлөгчийн эрх мэдлээ хэрэгжүүлж эхлэх юм.


Өдгөө 55 настай Кай-Йоран Александр Стубб 2014-2015 онд Ерөнхий сайдаар ажиллаж байсан бөгөөд үүний сацуу Үндэсний эвслийг удирдаж байв. Одоо түүний удирдаж буй Либерал-консерватив нам засгийн газрыг бүрдүүлж буй эвсэлд гол байр суурийг эзэлж байна.


Тэрбээр Орос-Украины дайн эхлэхээс бүр өмнө Финландыг НАТО-д элсүүлэхийн төлөөх байр сууриа тууштай илэрхийлж байсан ба Европын Холбоог бэхжүүлэхийг чухалчилдаг хүн юм. Мөн цагаачлалын бодлогыг чангатгахыг эсэргүүцэж, цагаачдын урсгал нь улс орны нийгэм-эдийн засгийн байдалд эергээр нөлөөлнө гэж үздэг.


Ерөнхий сайдын албан тушаалаас буусныхаа дараа тэрбээр Сангийн сайдаар ажиллаж байснаас гадна засгийн газрын тэргүүнээр томилогдохынхоо өмнө Гадаад харилцааны сайд, Европын асуудал эрхэлсэн сайдын албыг хашиж, мөн Европын парламентын ба Финландын парламентын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан туршлагатай улстөрч юм.


Финландын албан ёсны хоёр хэлээр чөлөөтэй ярьдаг Стуббын эцэг нь Финландад амьдардаг швед үндэстэн, эх нь фин үндэстэн юм. Тэрбээр мөн англи, франц, германаар ярьдаг.


Украинд дэгдсэн дайны улмаас Европ дахь геополитикийн нөхцөл байдал өөрчлөгдсөн нь шинэ төрийн тэргүүний хувьд томоохон сорилт болно. Ерөнхий сайдтай харьцуулахад хязгаарлагдмал эрх мэдэлтэй Финландын Ерөнхийлөгч нь засгийн газартай зөвшилцөн улс орны гадаад бодлогыг тодорхойлох ба зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн үүргийг гүйцэтгэнэ.  

Холбоотой мэдээ