Орон нутгийн замд үзэгдэх орчин хязгаарлагдмал байгааг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-02-16 15:32:05

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Өнөөдөр 14.30 цагийн байдлаар Баян-Өлгий, Архангай, Завхан, Ховд аймгийн уулархаг нутгаар хүчтэй цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байгааг “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ мэдээллээ.


Архангай, Хөвсгөл, Увс, Баян-Өлгий, Ховд аймгийн нутгаар цас орж, бусад нутгаар авто замаар зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. Манхан-Булган-улсын хил чиглэлд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул аймгийн ОБГ, ЗЦГ хамтран хөдөлгөөн хязгаарлаж байна. Зам хариуцагч “Ховд АЗЗА” ТӨХК-ийн Бага улаан давааны шуурхай ажлын хэсгээс тус чиглэлд зорчихгүй байхыг анхаарууллаа. 



Баянхонгор-Улиастай чиглэлийн автозамын дагуу зам хариуцагч “Их богд зам” ХХК-ийн Бүлээний давааны шуурхай ажлын хэсгийнхэн зорчих хэсэгт шуурч хунгарласан цасыг ковшоор түрж цэвэрлэж байна. Түүнчлэн, Өндөрдов-Зуунмод-Налайх чиглэлийн хатуу хучилттай авто замын зорчих хэсэгт тогтсон цас мөсийг гараар цохиж, зурвас газрын хог түүж цэвэрлэсэн тул зам даваа саадгүй байгаа аж.

 

Холбоотой мэдээ