АХБ: Боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх нэмэлт санхүүжилтийн гэрээ байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-03-03 16:30:14

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Зүүн Азийн газрын ерөнхий захирал Мухаммед Эсан Хан манай улсад ажиллаж байна. Тэрбээр өнөөдөр буюу гуравдугаар сарын 3-ны ням гарагт Сангийн яаманд “Монгол Улс, АХБ хооронд боловсролын салбарын чанар хүртээмжийг нэмэгдүүлэх төсөл”-ийн гэрээнд Сангийн сайд Б.Жавхлангийн хамт гарын үсэг зурлаа.


Энэ нь манай улсын сургуулийн өмнөх болон бага, дунд, ерөнхий боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн 15 сая ам.долларын нэмэлт санхүүжилтийн төслийн гэрээ юм.


Энэхүү гэрээ нь АХБ-наас 2017 оны 11 дүгээр сард батлан одоо хэрэгжиж буй Говь-Алтай, Дархан-Уул, Говьсүмбэр аймаг, нийслэлийн 21 сургууль, цэцэрлэгийг шинээр барих, өргөтгөх 50 сая ам.долларын өртөгтэй “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах” төсөл дээр нэмэгдэж, өмнөх төслийн цар хүрээг өргөжүүлэн 3 сургууль, 6 цэцэрлэгийг нэмж барих буюу өргөтгөн бүрэн тохижуулах юм. Ингэснээр төсөл нийт 30 сургуулийг хамарч, 7000 гаруй хүүхэд үр шимийг хүртэнэ гэдгийг АХБ-ны Зүүн Азийн газрын ерөнхий захирал Мухаммед Эсан Хан хэллээ.


Тэрбээр 2027 оны 2 дугаар сард дуусах энэ төслийг АХБ-ны хөнгөлөлттэй, ердийн хөрөнгийн эх үүсвэрээс санхүүжүүлж буйг тодотгон, зөвхөн сургууль, цэцэрлэгийн барилга, орчинг сайжруулахаас гадна багш нарын хөгжил,  мэргэжилтнүүдийн чадавхийг дээшлүүлж,  боловсролын салбарын удирдлага, төлөвлөлтийг тогтолцоог бэхжүүлэхэд оршиж буйг онцоллоо.


Нэмэлт санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурах үеэр Сангийн сайд Б.Жавхлан хэлэхдээ, АХБ нь Монгол Улсын боловсрол, нийгэм-эдийн засгийг хөгжүүлэхэд найдвартай түнш байж, хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийлэв. 

Тэрбээр, энэхүү нэмэлт төсөл нь нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн болон Хөвсгөл аймгийн Мөрөн сумын боловсролын байгууллагын барилга, байгууламж, дэд бүтцийг сайжруулж, стандарт, чанарыг дээшлүүлж, шаардлага хангасан тэгш хүртээмжтэй боловсролыг түгээж, үйлчлэх орчинг бүрдүүлнэ гэв.


 

Холбоотой мэдээ