С.Эрдэнэболд: Монголын говь дэлхийн сансар судлалын шинжлэх ухааны гол төв болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Монголын говьд Марс гарагийн судалгааны бааз байгуулан, Монгол Улсад сансар судлалын шинжлэх ухааныг шинэ түвшинд хөгжүүлэх, энэ төрлийн аялал жуулчлалыг брэнд болгохыг зорьж яваа "MARS-V" төслийн санаачлагч С.Эрдэнэболдтой ярилцлаа. Тэрбээр энэхүү төслөө 2019 онд эхлүүлсэн бөгөөд богино хугацаанд дэлхийн сансар судлалын томоохон байгууллагуудтай холбоо тогтоон хамтран ажиллаж, Монгол Улс дэлхийн сансар судлалын томоохон төв болох боломжтой юм гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр баталгаажуулж яваа юм.
-Өнөөдөр монгол хүн анх сансарт ниссэн өдөр. Мөн өнөөдөр
Олон улсын Сансрын дээд хэмжээний уулзалтыг Монголд анх удаа зохион байгуулж,
сансрын бөмбөлөг Монголын тэнгэрт хөөргөж байна. Түүх давхцсан энэ баярт өдрийн
мэндийг танд дэвшүүлье.
-Баярлалаа. "International
Space Summit" уулзалтыг Япон улсын Сансрын агентлаг буюу “JAXA”, Монголын
Сансрын Судалгаа Хөгжүүлэлтийн Төв буюу “MARSA” хамтран, Монгол Улсын
Ерөнхийлөгчийн ивээл дор, Цахим хөгжил харилцаа холбооны яамны дэмжлэгтэйгээр зохион
байгуулж байна. 30-аад мянган метрийн өндөрт сансрын бөмбөлөг хөөргөлөө.
Стратосфер буюу маш өндөр түвшин рүү сансрын бөмбөлөг хөөргөж байгаа томоохон
үйл явдал гэж ойлгож болно. Өндрийн энэ түвшин нь Марс гарагийн агаар мандалтай
ижилхэн учраас дэлхий дээрх Марстай хамгийн их ойролцоо агаар мандлын
судалгааг ингэж хийж байгаа юм. Ирэх намар сансрын томоохон туршилтын
хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлэх юм. Үүнийг угтаж Сансрын бөмбөлгийн олон улсын
дээд хэмжээний уулзалтыг хийж байна. Түүхэн тэмдэглэлт энэ өдөр бид сансрын
бөмбөлөг хөөргөлөө. Монголоос хөөргөж байгаагийн гол учир нь Монгол бол
энэ дэлхийн хаана ч байхгүй байгалийн өгөгдөл эзэмшигч орон.
-Монголынхоо энэ гайхамшигт өгөгдлийг судлаж мэдээд,
өнөөдөр NASA-тай холбоотой болчихсон, сансрын туршилт судалгааны бөмбөлөгийг
хөөргөж, олон улсын том хурал Монголдоо зохион байгуулах хүртэлх түүхийг
ярьвал?
-2018 оны арваннэгдүгээр сард NASA Марс гарагийн гадаргуу дээр хийсэн судалгаа болон фото зургуудаа олон нийтэд дэлгэсэн байдаг. Тэр судалгаанд үзүүлсэн Марсын гадаргуу Монголын говийнхтой маш ижил төстэй харагдсан юм. Тухайн үед судалгаа хийж үзсэн. Марсруу хүн төрөлхтөн явах үзэл санааг дэлхийн тэрбумтан, “SpaceX”-ийн эзэн Элон Маск маш хүчтэй ярьж байсан үе. Мөн дэлхийн өөр нэг тэрбумтан “Амазон” компанийг үүсгэн байгуулагч Жефф Безос Марсыг эзэмших төлөвлөгөөгөө танилцуулаад байв. Тэр үед Арабын Нэгдсэн Эмират улс “Марс-2117” нэртэй хөтөлбөрөө зарлачихсан байсан. Дараа нь Энэтхэг Мангала нэртэй хөтөлбөрөө зарласан. Ингээд дэлхий даяар 2030-аад оны үед Марс гараг дээр хүмүүсээ буулгая гэдэг төлөвлөгөөнүүдээ дараа дараалан гаргаж эхэлсэн. Дэлхийн хүмүүсийг Марс дээр яаж дасан зохицох сургалт явуулах “Mars One” хөтөлбөр хүртэл зарлагдаж байв.
Ерөөс хүн төрөлхтний дараагийн иргэншлийн үеийн түүх Марс дээр бичигдэх нь ойлгомжтой болчихсон үе. Мөн тухайн үед дэлхийн эдийн засаг 80 гаруй их наяд долларт эргэлдэж байсан, 2050 он гэхэд энэ тоо 250 их наядад хүрнэ, тэр дундаа сансрын эдийн засаг эрчимтэй тэлж хөгжинө гэдэг мэдээллүүд түгэж байлаа.
Олон улсад уламжлалт
гурван төрлийн арми байдаг бол АНУ болон бусад өндөр хөгжилтэй орнууд дөрөв дэх
буюу сансрын армийг бий болгох тухай шийдвэрүүд гаргаж эхэлсэн. Ингээд сансрын
энэ эрин үед Монголчууд бидэнд чухам ямар боломж байгаа юм гэдэг асуулт урган
гарч ирсэн. Тийм учраас миний бие Монголд уул уурхай, мал аж ахуйн гэх мэт
уламжлалт эдийн засгаас гадна эрдэм мэдлэг, шинжлэх ухааныг түшиглэсэн ирээдүйг
бий болгох боломж байна уу, үгүй юу гэдгийг судлахыг хичээж эхэлсэн юм.
-Судалгаа тань яг юунаас эхэлсэн бэ?
-Монголын говь ямар үзүүлэлттэй юм бэ гэдгийг эхлээд судалж үзлээ. Дэлхий дээрх 24 том цөлийн 13 нь халуун, 7 нь хүйтэн цөл. Харин манай говь хасах болон нэмэх хэм нь тэдгээр цөлөөс хамаагүй илүү байж таарсан юм. Манай говийн цаг агаар хасах 40-өөс нэмэх 40 хэмийн хооронд хэлбэлздэг, далайн төвшнөөс өндөрт өргөгдсөн, хүн амын төвлөрөл багатай, эрс тэс, хуурай уур амьсгалтай. Марсын туршилт хийдэг газруудын бүх үзүүлэлт нь Монголын говийн хэмжээнд хүрэхгүй байсан.
Ингээд 2018 оны арваннэгдүгээр сараас тууштай судалгаа хийж, арванхоёрдугаар сараас нь Марс судлалын эрдэмтэдтэй харилцаж эхэлсэн. Мөн говийн хөрс, тоос, шуурга, ургамал судалдаг олон эрдэмтэнтэй уулзаж явсаар Марс төсөл бол Монголд байх ёстой юм байна гэдэг итгэл үнэмшил олж авсан.
-Тэгээд л шууд “Mars-V” төслөө эхлүүлчихсэн хэрэг үү? Тун
зоригтой эхлэл байна.
-20-иод хүнтэй баг бүрдүүлээд 2019 оны хоёрдугаар сарын 1-нд Монголын Сансрын судалгаа хөгжүүлэлтийн төв гэдэг байгууллага байгуулаад “Mars-V” төслөө эхлүүлсэн. “Vision” буюу алсын хараа, “Victory” буюу ялалт. Мөн “V” гэдэг нь ромбо тавын тоо буюу аж үйлдвэрийн тавдугаар хувьсгалыг илэрхийлж байгаа юм. Сансрын хувьсгалыг бэлгэдэж нэрлэсэн төслөө олон улсад зарласан. Хамгийн түрүүнд Монголын говиос авсан дээжүүдээ Японы Чиба мужийн Технологийн их сургууль, Токиогийн их сургууль руу шинжилгээнд явуулж, тус улсын эрдэмтдийг Монголд урьж ирүүлэн судалгаагаа эхлүүлсэн. Эхлээд “JAXA”-тай хамтарч ажилласан.
- Танай төслийн төлөвлөгөөг хамгийн түрүүнд Японы
эрдэмтэд боломжтой гэж үзсэн байх аа?
-Тийм ээ. Японы талаас “Монголын говь бол Марсын аналог төв буюу Марс руу явах хүсэлтэй хүмүүсийг бэлтгэх төв байгуулахад хамгийн тохиромжтой газар мөн” гэдгийг тогтоож, Монголд ирээдүй байна гэдгийг хэлж өгсөн юм. Симуляцын аргаар гаргаж авсан Марсын хөрсний дээжүүдээ ч мөн бидэнд өгсөн. Монголын говь бол хатуу ширүүн уур амьсгалтай, огцом халж, хэт хүйтэрдэг зэрэг байгалийн онцгой нөхцөл нь Марс гараг руу явахыг хүссэн хүмүүсийг бэлтгэх сургалтын төв байгуулах бүрэн боломжтой. Хүмүүсийн бие бялдар, сэтгэл зүйг бэлтгэх, мэдлэг олгоход хамгийн тохиромжтой газар байна гэдэг эхний дүгнэлтүүдийг хийж өгсөн. Үүний дараа Арабын Нэгдсэн Эмират улсад бид төслөө танилцуулахад мөн шууд дэмжиж хүлээж авсан. Аполлон хөлөг саран дээр газардаж, саран дээр анх удаа хүн буусны 50 жилийн ойг 2019 оны долоодугаар сарын 16-22-нд АНУ-д тэмдэглэсэн. Энэ үеэр бид орчин цагийн Эйнштейн гэгддэг судлаач, Кеннедийн нэрэмжит Сансрын төвийн захирал, дөрвөн удаа сансарт ниссэн Боб Кабана зэрэг дэлхийн нөлөө бүхий хүмүүстэй уулзахад тэд маш их дэмжсэн. Түүний дараа бид АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп болон NASA-д төслөө танилцуулсан юм.
-NASA танай төсөлтэй танилцсаныхаа дараа албан ёсны
цахим хаягаараа үнэхээр сайхан мэдээ түгээсэн байдаг.
-Тэгэлгүй яах вэ. Олон боломж нээсэн сайхан мэдээ байлаа. АНУ-ын Сансрын удирдлагын төв NASA өөрийн албан ёсны твитер хаягаараа “Монголын говь бол Марсын аналог төв байгуулах хамгийн тохиромжтой газар” гэдэг мэдээллийг түгээсэн. Удалгүй ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, ОХУ-ын Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич А.М.Сергеев, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, мөн Энэтхэгийн Банглор дахь Сансрын судалгааны байгууллагад төслөө танилцуулсан. Энэ мэтээр маш богино хугацаанд олон орны төрийн тэргүүн, томоохон улс төрч, шинжлэх ухааны байгууллагуудад манай төсөл танилцуулагдах боломжууд гарсан.
2019 оны арваннэгдүгээр сард бид NASA-ийн дэргэдэх MEPAG, IMEWG хэмээх хоёр том судалгааны байгууллагад гишүүнээр элсэж орсон. Санаачилга гарснаас хойш жил хүрэхгүй хугацаанд NASA, JAXA, Европын Сансрын агентлаг, мөн Зүүн өмнөд ази, Австрали, Шинэ Зеландын гээд маш олон сансрын агентлагууд манай төслийн агуулгыг бүрэн дүүрэн дэмжсэн.
-2020 онд танай төслийн ТЭЗҮ гарах үед сонгуулийн жил
таарсан. Намуудын мөрийн хөтөлбөрт сансартай холбоотой агуулгууд орж ирсэн
байдаг. Улс төрийн намуудтай бодлогын түвшинд ойлголцож чадсаны жишээ гэж хэлж
болох байх?
-Тухайн
үед бүх улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрт сансартай холбоотой өрсөлдөөнд
Монголчууд өөрийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх тухай асуудлыг тусгуулж чадсан
юм. Ингээд тэр жилдээ дэлхийн шилдэг эрдэмтдийг Монголдоо урьж олон улсын
хурал зохион байгуулахаар төлөвлөсөн байсан ч цар тахлын улмаас хойшлуулахаас
аргагүй болсон. 2021 оны нэгдүгээр сард “Mars on Earth” буюу “Дэлхий дээрх
Марс” цахим хурлыг зохион байгуулсан юм. Дэлхийн шилдэг
эрдэмтэд, Марсруу явахаар бэлтгэгдэж байгаа хүмүүс, Монголын говь яагаад ач
холбогдолтой, юу нь анхаарал татаж байгаа вэ гэдэг шинжлэх ухааны
үндэслэлүүдийг тэр хурлаар гаргаж тавьсан. 2021 онд монголчууд олон улсын эрдэмтэдтэй
хамтраад, NASA-ийн хяналт дор Марс дээр явагч, суугч, өмсгөл зэрэг маш олон
зүйлсийг симуляцын аргаар хийж эхэлсэн. Маш их завгүй ажилласан.
-2022 он та бүхний хувьд маш том амжилтууд гаргасан жил
байсан гэж хардаг. Таны хувьд юу гэж дүгнэх вэ?
-2022 он бол стратегийн томоохон нүүдлүүдийг хийсэн он болж чадсан гэж би дүгнэж байгаа. Элон Маскын багш, Дэлхийн Марс нийгэмлэгийн ерөнхийлөгч, доктор Роберт Зубрин манай оронд зочилсон. Марс нийгэмлэг Монголын Сансар судлалын хөгжүүлэлтийн төв MARSA бол дэлхийн хэмжээнд, стандартын дагуу эрэл хайгуул, судалгаа хийх боломжтой гэдгийг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн. Дэлхийн нөлөө бүхий энэ хүн өөрийн багтайгаа Монголд ирж манай говьд бидэнтэй хамт судалгаа хийгээд, Марсын салбарыг Монгол Улсад байгуулах нь зөв юм байна гэдгийг хүлээн зөвшөөрнө гэдэг бол үнэхээр том амжилт. Манайд ШУА, Одон орон геофизикийн хүрээлэн, Сансрын зөвлөл гэж л бий. Цахим хөгжлийн яам сүүлд байгуулагдсан. Манайд NASA-тай ижил төрлийн байгууллага байдаггүй. Монголд нэгэнт тийм байгууллага байхгүй учир Монголын Сансрын судалгаа хөгжүүлэлтийн төвийг яг NASA-ийн статусаар хүлээн зөвшөөрсөн нь энэ.
Үүнээс хойш Марс нийгэмлэгтэй байнгын холбоотой байж, бүх судалгааныхаа ажлыг амжилттай хамтарч хийсэн.2022 оны наймдугаар сарын 22-нд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ захирамж гаргаж энэ төслийг Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлэх 20-иод байгууллагыг хамруулсан томоохон ажлын хэсгийг Шадар сайд С.Амарсайханаар ахлуулан байгуулсан. Ингэж төр, засгийн түвшинд энэ төслийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэдэг үндэслэлийг нь бүрэн ойлгож, дэмжих болсон юм.
-Төр, засгийн түвшинд ойлголцолд хүрэхэд юу хамгийн түрүүнд
нөлөөлөв?
-Нэг үеэ бодвол бидний
ажлыг бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд эргэлзэх хүнгүй болсон. Энэ
бол томоохон ахиц. Ингэж ойлголцол, итгэлцэлд хүрэхэд олон улсын шинжлэх ухааны
байгууллагууд батламжилж, бидэнтэй хамтарч ажиллаж байгаа нь түлхэц болсон нь
мэдээж. Дэлхийн олон орны сансрын агентлаг, байгууллагуудын төлөөлөл Монголыг зорьж ирээд, бид хамтарч ажиллаад байгаа нь олон улсад хүлээн
зөвшөөрөгдсөний л том баталгаа юм. Дэлхийн томчууд бидний ажлыг хүлээн зөвшөөрч байна. Энэ бол ирээдүй тод гэрэлтэй
байгаагийн баталгаа. Бид ирээч ээ, хараач ээ гэж гуйлгүйгээр эн тэнцүү түвшинд
харилцаж, хамтарч бүтээе гэсэн зарчмаар ажиллаж чадаж байна. Бидэнд эрдэм
чадалтай, авьяаслаг Монгол залуус байна. Харин тэдэнд туршилга, нөөц бололцоо
нь бий.
2023 оны наймдугаар сард
Монгол Улсын Ерөнхийлөгч АНУ-д айлчлах үеийн ярианы үндсэн таван сэдвийн эхэнд
манай Марс төслийн сансрын хамтын ажиллагааны талаарх яриа байсан. Бидний ажил
олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн байгаагийн бас нэгэн илрэл юм.
-АНУ-ын Аризонагийн Их сургууль дээр болсон Марс
нийгэмлэгийн 25 жилийн ойд очиж 400-аад эрдэмтдэд илтгэл тавьсан тухайгаа
яриач.
-Дэлхийн том том эрдэмтэд
таван өдрийн турш хуралдсан маш том хурал 2022 онд болсон. Хурлын хоёр гол
илтгэгчийн нэг нь Блю Орижин /Blue Origin/ компанийн тэргүүн дэд ерөнхийлөгч
Майкл Эдмондс, нөгөө нь Монголыг төлөөлж очсон миний бие байв. Миний тавьсан
илтгэл одоо Марс нийгэмлэгийн ютүб хуудсанд байршиж байгаа.
-Дэлхийн сансар судлалын шинжлэх ухаанд Монголчууд
оролцоотой болно гэдэг үнэхээр бахархмаар юм аа.
-Оролцоотой боллоо
гэхээсээ илүү гол тоглогч болж байна гэхэд болох юм. 2023 онд Марс судлалын
олон улсын ажлын групп буюу “International Mars Exploration Working Group”
/IMEWG/ байгууллагын тунхаглал бичигт манай Сансрын судалгаа хөгжүүлэлтийн төв
MARSA гарын үсэг зурсан. Ирээдүйд Марсын судалгаанд Монгол Улс хамгийн их давуу
байдлаар оролцох хөгжингүй 22 орны нэгэнд багтаж чадсан маш том амжилт. Энэ бол
манай улс ирээдүйд сансрын шинжлэх ухаанд гол тоглогчдын нэг, хамтран бүтээгч,
үр ашгийг нь хүртэгч нь болж чадсаны баталгаа. Одоогоор Азиас Япон болон Монгол
Улс л ийм давуу эрхээ нээж чадсан байна.
-Өнгөрсөн жил сансрын хүнсний туршилтыг АНУ-д хийсэн. Энэ
туршилт маш амжилттай болсон гэж сонссон?
-2023 онд АНУ-ын Юта мужид
байрлах Марсын цөлийн судалгааны төвд сансрын өмсгөлийн судалгаа, Монголын
говьд хэрэгжих модулийн судалгаа, сансрын 72 нэр төрлийн хүнсний туршилтыг
хийлээ. Бид 30 жил хадгалах боломжтой хоолны туршилт судалгаа хийсэн. ТЭСО груп
энэ тал дээр хамтарч ажиллаж байгаа. Сансрын хүнс бэлтгэх технологи болох гүн
хөлдөөж хатаах, ариутгаж хадгалах гэх мэт төрөл бүрийн технологиор 72 төрлийн
хүнс бэлтгэж туршилтыг АНУ-д хийсэн. Ирээдүйд NASA-ийн сансрын хоолыг бид
бэлтгэж нийлүүлэх бүрэн боломжтой. Энэ бол бизнесийн маш том орон зай. Монгол
малын мах өөрөө гайхалтай органик бүтээгдэхүүн. Одоо сансрын байгууллагуудын
эрдэмтэд, “Монголын сансрын хоол хамгийн амттай, илчлэгтэй, тэжээллэг” гэж ярьж
байна.
-“Mars-V” төслийн уриа нь “Mars on everyone” буюу “Хүн бүрт
Марсын боломжийг олгоё” гэсэн байдаг. Үнэхээр хүн бүрт тийм боломж хэр ойр вэ?
-Бидний хамгийн эхний
зорилго, хүсэл бол хүн төрөлхтний Марс гарагийг эзэмших хүсэл тэмүүллийн
холбоос нь байх явдал. Монголчуудын өвөг дээдэс 800 жилийн өмнө дэлхий дээр
амар амгалан байдлыг хуулийн дор, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг нь хангаж,
чөлөөт худалдааг нь дэмжиж чаддаг байсан. Монголын Эзэнт гүрэн энэ дэлхий дээр
150 жилийн турш амар амгаланг тогтоож байсан. Яг үүн лугаа хүн төрөлхтний Марс
гарагийг эзэмших хүсэл тэмүүлэл, сонирхлыг нь нэгтгэн холбох боломж бидэнд
байна. Марс гарагийг эзэмших шинжлэх ухааны шинэ зорилтыг биелэл болгоход хувь
нэмрээ оруулъя гэсэн зорилго бидэнд байна.
-Монголын говьд сансрын дагуул хотыг байгуулна гэсэн та
бүхний төлөвлөгөө биелэх бүрэн боломжтой юу?
“Mars-V” төсөл гурван
зорилготой. Эхнийх нь Марс гараг дээр очих
хүмүүсийг бэлтгэх. Бид ямар нэгэн зэвсэг, эсвэл бодис турших гээгүй. Монголын
говьд Марс гараг дээр очих хүсэлтэй хүмүүсийг бэлтгэх аналог төв байгуулна.
Үүний туршилт амжилттай хийгдэж байгаа. Хоёр дахь зорилт, олон улсын чөлөөт бүс
байгуулах. Монгол Улс далайд гарцгүй орнуудын санаачилга гаргаж НҮБ-д манлайлж
явсан улс. Үүн шиг Марс гарагийн эрх зүйн орчныг зохицуулсан Үндсэн хуулийг
Монголын говьд баталъя. Марс гараг шинэ, тэнд амьдрал эхэллээ гэхэд эрх зүйт
орчин нь бүрдсэн байх учиртай шүү дээ. Мөн чөлөөт бүс байгуулъя. Инноваци,
технологийн кластер бий болгох тухай асуудал амжилттай урагшилж, Монгол Улсын
Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр Гадаад харилцааны яамны түвшинд судлагдаж байна.
Дараагийн том зорилго нь Монголын говьд Сансрын дагуул хотыг байгуулах. Энэ
хотдоо технологийн үнэ цэн бий болгох төслүүд хэрэгжүүлдэг болох, тусгай
сонирхлын аялал жуулчлалын бүс болгох. Монгол Улс дахь тусгай сонирхлын аялал жуулчлал
ан гөрөө хийх зэрэгхэнээр л хэмжигдэж байгаа нь нууц биш. Тэгвэл энэ төрлийн
аялал жуулчлал тэс өөрөөр хөгжих боломж бий. Монголд ирээд Марс дээр ямар
байдаг, яг тийм орчныг мэдэрч аялдаг болох боломж байна. Ингэвэл Зүүн өмнөд азийн
тэр том зах зээлээс маш олон мянган өндөр зэрэглэлийн жуулчдыг татна. Энэ бол
бүрэн боломжтой зүйл гэсэн судалгаа, дүгнэлт гарсан шүү.
-Өнөөдөр
энэ төслийн талаарх хүмүүсийн ойлголт, хандлага анх энэ талаар ярьж эхэлж
байснаас хэр өөрчлөгдсөн бол?
-Үгүйсгэх хүмүүс байлгүй
яахав. Модон жорлонгоосоо салаагүй байж юун сансар огторгуйг эзэмших вэ гэх нь
бий. Үгүй юм аа. Бидний сул тал өнөөдөр эргээд давуу тал болж хувирах боломж
байна. Алслагдмал, дэд бүтэц, зам харилцаа хөгжөөгүй зэрэг маань давуу тал болж
чадна. Ер нь олон нийтийн хандлага маш их өөрчлөгдсөн. Дэмждэг хүмүүс, эрдэмтэн
судлаачид маш олон болсон. Өдрөөс өдөрт дэмжиж, хамтрах хүмүүс, байгууллага
нэмэгдсээр байна. Энэ бол Монгол мөрөөдөл, Монгол үндэстний өрсөлдөх чадвартай
холбоотой зүйл. Таван жилийн өмнө бидний ажлыг хамгийн их үгүйсгэдэг байсан
хүмүүс өнөөдөр дэмжиж хөрөнгө оруулах түвшинд хамтардаг болчихсон явж байх
жишээтэй. Нөхцөл байдал энэ мэтээр байнга л хувирч байх нь зүй тогтол.
Хүмүүсийн хандлагын асуудал бидний эн тэргүүнд санаа зовох зүйл ерөөс
биш.
Хэцүү бэрх зүйл тохиолдох
нь байх л асуудал. Харин бидэнд улс орныхоо эдийн засгийг одоо байгаагаас
илүү хүртээмжтэй, ирээдүйтэй болгох гарц байгаа нь хамгийн сайхан нь.
Өнөөдөр дэлхий дахины хөгжил асар хурдтай боллоо. Ойрын 25 жилд дэлхийн эдийн
засаг гурав дахин өсөх нь. Сансрын эдийн засаг бүр тэсрэлттэйгээр тэлэх нь
тодорхой болчихсон. Энэ бүхэн маш тодорхой үнэн. Тэгэхээр бид хүн төрөлхтөний
хөгжлийн чиг хандлагаас хоцрохгүй, холбоо уялдаатай байж, харин өөрийн гэсэн
үнэ цэн бий болгож, тэндээсээ үр ашиг хүртдэг үндэстэн болох маш том боломж бол
Сансрын шинжлэх ухаан юм. Ийм тов тодорхой болсон ирээдүй байхад итгэх
итгэхгүйн тухай яриа, шүүмжлэл зэрэг нь нэг их сонин биш. Угаасаа л шинэ
санаачилга, том эргэлт, давалгаа эсэргүүцэлтэй тулгарах нь зүй тогтол. Бид
уламжлалт эдийн засаг дээрээ нэмээд шинэ, альтернатив эдийн засгийг бий болгож
хөгжүүлэх ёстой.
-Одоо төслийн багт хэдэн хүн ажиллаж байна вэ?
-Манай төсөлд маш
өндөр мэдлэг чадвартай, эх оронч сэтгэлгээтэй залуус ажилладаг. Үндсэн багт
200-аад хүн ажиллаж байна. Одоогоор 52 байгууллага, үндэсний үйлдвэрлэгч аж
ахуйн нэгж хандив өргөж бидний ажил, төслийг дэмжиж байна. Дэмжлэгийн багт 5000
гаруй хүн байна. Хэрэгцээтэй цагтаа дэмжлэг туслалцаа хүсэхэд бэлэн байх 5000
хүн бидэнд байна гэсэн үг. Хамгийн наад зах нь орчуулгын ажил гарлаа гэхэд зуу, зуун хүн үнэ төлбөргүй орчуулга хийж өгөхөө илэрхийлж байх жишээтэй. Нэг үгээр
хэлбэл хүний нөөцийн томоохон баг бэлтгэгдчихсэн яваа. Хууль эрхзүйн орчны
судалгааны, эрдэм шинжилгээний, хөрс судлал, хувцас өмсгөл, хоол зүйн
судалгааны гээд 20 гаруй баг байна.
-Тавхан жилийн хугацаанд маш их ажил амжуулжээ гэж
харагддаг шүү.
-Хүмүүс асуудаг л даа. Таван жил ярьлаа, яг юу хийв? гэж. Ямар нэгэн кэмп байгуулах, байшин барилга барих бол амархан. Маш урт хугацаанд үргэлжлэх, алс ирээдүйг харсан том төслийг Монголын нэрийн хуудас болгож хэрэгжүүлж хөгжүүлнэ гэдэг бол хэдхэн жилийн дотор амархан шиг хийчих зүйл биш л дээ. Бид цоо шинэ зүйлийн төлөө явж байгаа. Хотын доор дахин нэг хот байдаг гэдэг шиг эрх зүйн зохицуулалт, гадны байгууллагуудын судалгаа, дүгнэлтийг хүлээн зөвшөөрүүлэх, ойлголцолд хүрэх гэх мэт асар их ажлыг манай баг амжуулаад л яваа. Олон хүүхэд сансрын мэргэжил эзэмшихээр гадаад орнууд руу явж байна. Манай төсөл дээр дадлага ажлаа хийгээд, тодорхойлолтоо аваад дэлхийн шилдэг сургуулиуд руу сурахаар залуус, хүүхдүүд явж байна. Колородагийн их сургууль Марс хөтөлбөрийг судлах хичээл шинээр орж эхэлсэн. Тэнд Марс төслийн судалгаануудыг оюутнууд хийж байна. Нэг ёсондоо залуус өндөр төлбөртэй сургуульд өөрсдийн зардлаар суралцаад тэнд манай төслийн ажлыг хийж байна. Мундаг байгаа биз? Бид мөн Аризонагийн их сургуультай гэрээтэй ажиллаж байгаа. Томоохон институциудтай хамтарч ажиллаж байна. Европын холбооны сансрын агентлагаар дамжуулаад олон байгууллагатай холбоотой ажилладаг болсон. Өнгөрсөн таван жилийн хугацаанд маш олон ном бүтээл гаргасан гэх мэтээр тоочвол их зүйл ярихаар байна.
-Таны эхлүүлсэн ажил, төсөл ийм амжилттай байна гэсэн төсөөлөл байсан уу?
- 2019 оны зургаадугаар сарын 29-ний өдөр манай төсөл Арабын Нэгдсэн Эмиратад танилцуулагдахад, “Монгол ийм том хэмжээний төсөл хэрэгжүүлж чадах уу” гэж дэлхийн томоохон эрдэмтэд асууж байсан л даа. Тэгэхэд Япон болон Арабын Нэгдсэн Эмират Улсын "Марс" хөтөлбөрийн удирдагч доктор Хироки Акияама, “Монголчуудын өвөг дээдэс дэлхийг эзэлж, Эзэнт улс байгуулаад үзчихсэн. Үр сад нь ийм хэмжээний төсөл эхлүүлсэн нь санамсаргүй зүйл биш ээ” гэж байлаа. Заримдаа бидэнд шинжлэх ухааны чадамжаас маань илүү өвөг дээдсийн маань үлдээж өгсөн гайхамшигт түүх маш их өмөг түшиг, тулах багана болж өгдөг гэдгийг тэгэхэд би жинхэнэ утгаар нь мэдэрч байсан. Бидний өвөг дээдэс гараг эрхэстэй хэр зэрэг ойр байсан нь хэдэн мянган жилийн өмнө од эрхэсийн зураг дүрсийг хад чулуун дээр буулгаж явснаас харагддаг. Мөн 800 жилийн тэртээ Эзэнт гүрэн байгуулах үедээ шинжлэх ухааныг хэрхэн дэмжиж байсныг харсан ч, Ойрхи дорнодод байгаа Аргун хан, Үлэг Бэхи хан, Өлзийт хааны дурсгалуудыг үзсэн ч Монголчууд аль эрт цагаас сансар огторгуйруу тэмүүлдэг шинжлэх ухаанч түмэн байсныг илтгэдэг. Бидэнд өвөг дээдсийн үлдээсэн өгөгдөл бий.
-Өнгөрсөн хугацаанд хийсэн ажлуудынхаа үнэ цэнийг тооцвол
маш их тоо гарах байх даа?
-Бид уламжлалт биш төсөл
эхлүүлсэн учраас бэрх асуудлууд мэдээж гарна. Гэхдээ энэ бол олон салбарт маш
том боломж нээсэн төсөл. Бид эхний таван жилдээ 2 сая долларын үнэ цэнийг бий
болгожээ. Энэ нь бэлнээр зарцуулсан мөнгө бол биш. Тухайлбал, Монголын томоохон
архитекторын байгууллагууд зураг төсөл дээр ажиллаж байна. Тэдний хөдөлмөрийн
үнэлгээ л гэхэд 700 орчим сая төгрөг болно. Мөн хууль зүй, сэтгэл зүйн
үйлчилгээ үзүүлдэг байгууллага хувь хүмүүсийн үйл ажиллагааны зардлыг тооцвол
маш их мөнгөөр хэмжигдэх ажлууд тасралтгүй хийгдэж байна. Маш олон салбарыг
хамарсан олон баг ажиллаж байна. Тэдний ажлыг үнэлж тооцож үзэхэд бид өнөөдөр 2
сая долларын ажил хийжээ. Ирэх таван жилд маш олон туршилт хийнэ. Бидний ажил
бол барилга байшин барих тухай асуудал биш. NASA, “Blue Origin” хүнээ бэлдэхийн
тулд ямар стандартаар юу барих вэ гэдгээ шийднэ. Харин Монгол Улс роялти буюу
газраа ашиглуулсны татвараа л авна. Мөн төрөл бүрийн мэргэжилтэн инженерүүдийг
олноор татан оролцуулах боломжтой том төсөл. 30 мянган ажлын байр бүхий сансрын
байгууламж бий болгох төлөвлөгөө бий. 2030 оноос бидний эхлүүлсэн ажлууд
жигдэрч, хөрөнгө оруулалтууд хийгдээд явах төсөөллийг гаргаад байна. Монгол
Улсад сансарлуу явах хүмүүсийг бэлддэг том төв бий болно. Мөн Марсын Үндсэн
хуулийг Монголын говьд батлах том амбиц бидэнд байна. Монгол Улсын
Ерөнхийлөгчийн Тамгын газраас Ч.Лодойравсал зөвлөхөөр ахлуулсан баг, Гадаад
харилцааны яам энэ асуудал дээр хамтарч ажиллаж байна.
-Монгол Улс сансрын шинжлэх ухаанаас үр өгөөж хүртдэг улс
болчихвол тун сайхан. Бидэнд байгалийн гайхамшигт өгөгдлөөс гадна өөр ямар
давуу тал байгаа гэж та үздэг вэ?
-Монгол хэдийгээр далайд
гарцгүй ч сансарт гарцтай улс мөн. Монгол бол зэвсэглэлээр үл хөөцөлддөг,
цөмийн зэвсгээс ангид, энхийг эрхэмлэгч, төвийг сахьсан, хэнтэй ч
дайсагнадаггүй, чөлөөт ардчилсан нийгэм байгуулсан улс. Мөн нээлттэй эдийн
засагтай. Мэдээж бидэнд зовлон, жаргалын аль аль нь бий. Гэхдээ бидний асуудал
бол дайн дажны хэмжээнд хүрчихсэн, бүс нутгийн зөрчилдөөнд орооцолдох хэмжээний
асуудал биш. Энэ нь бидний маш том давуу тал. Их гүрнүүдийн дундах чөлөөт
Монгол Улс бол дэлхийн энх тайван, эв нэгдлийн төв цэг гэж хэлж болно. Монгол
Улс даян дэлхийд эв нэгдлийн төв дэвжээг санал болгож байгаа нэг хэлбэр нь
бидний эхлүүлсэн энэ ажил. Хүчирхэг Эзэнт гүрнийг байгуулсан Их Чингисийн үр
сад 21-22-р зуунд дэлхий дээрх эв найрамдлын шинэ цэгийг хатгаж, сансрын уудмыг
эв нэгдлийн зорилгоор эзэмших үйл хэрэг эхлүүлэх, төлөвлөгөөг бид танилцуулж
байгаа юм. Монгол сансар судлалд өөрийн үнэ цэнээ бий болгож, үр өгөөжийг
нь хүртэгч улс болоход ойрхон.
-Аж үйлдвэрийн тавдугаар хувьсгал буюу сансрын хувьсгалыг танай төслийн нэр бэлгэддэг? Жинхэнэ хувьсгал болж чадах болов уу?
-Үүний цаад агуулга нь аж үйлдвэрийн нэг, хоёр гуравдугаар хувьсгал байнгын үйлдвэрлэлээс шалтгаалж байсан бол дөрөвдүгээр хувьсгал нь хэн баян байхаас шалтгаалах болсон. Маш гоё бизнес санаа байх юм бол түүнийг апликэйшн болгож зараад тэрбумтан болж болно. Тэгвэл аж үйлдвэрийн тавдугаар үе нь Сансрын эдийн засаг болох нь тодорхой болчихлоо. Энэ бол суурин нөөцөөс хамаарахгүй, эрдэм мэдлэг, өндөр чадвараас хамаарна. Монгол энэ дэлхий дээрх юугаар ч сольшгүй гайхамшигтай говь нутагтай. Манай орны 70 гаруй хувь нь цөлжиж, ус ховордож, газар хөрс бохирлогдон, ургамал ногоо хатаж үгүй болоод байгаа, хүн амын ихэнх нь утаанд хордох болсныг өөрчлөх боломж байна. Тэр нь Сансрын төвийг говьдоо байгуулах. Бид хэдэн жилийн дараагаас шууд л Марс руу хүн төрөлхтнийг нүүлгэж эхлэх тухай асуудал яриагүй. Харин дэлхийг Марс гараг шиг болгохгүйн тулд яах вэ гэдэг эрэл хайгуул хийж байна. Бид энэ төслөө Тогтвортой хөгжлийн зорилгод нийцүүлэн эко байдлаар хэрэгжүүлнэ. Хямралт нөхцөл байдалд хамгийн бага нөөцөөр хэрхэн тэсэж үлдэх, амьд гарах, бэрхшээлийг даван туулж суурьших тухай ойлголтыг хүн төрөлхтөнд бий болгож өгөх нь бидний зорилго. Бид Монголын говийг хүн хөлхсөн, талхлагдсан газар болгохгүй. Харин тэнд шинжлэх ухааны том хотхон байгуулж, тэндээс олсон орлого маань эргээд говийн хөрсийг хамгаалахад чиглэнэ.
-Марс дээр амьдрал бий болгох тухай таны төсөөлөл?
-Энэ бол 100 жилийн
дараагаас яригдах зүйл. Тэр алсыг л харж хийж байгаа. Өнөөдөр бидний хийж
байгаа ажил, ярьж байгаа зүйлсийг заавал ойлгох албагүй ч 10, 20 жилийн дараа
хүссэн хүсээгүй ойлгох байх. Харин 30 жилийн дараа дэлхийн хүн төрөлхтөн
Монголчуудын хийсэн энэ үйл хэргээр бахархдаг болох болов уу.
-Таныг томчуудаас илүү хүүхдүүд таньдаг юм билээ.
-Тийм шүү. Хүүхдүүд намайг таниад, хамт зураг авахуулъя гэх нь бий. Одоо арав гаруй насны хүүхдүүд 10, 20 жилийн дараа ид хийж бүтээдэг насан дээрээ ирнэ. Бидний эхлүүлсэн ажил тэр залуу үеийнхэнд, тэдний ирээдүйн хөгжилд зориулж хийж байгаа урт удаан үргэлжлэх үйл хэрэг юм.
-Та АНУ-ын Индианагийн их сургууль, Харвардын их сургуульд
сурсан, хууль эрх зүйн мэргэжилтэй хүн. Гэтэл одоо сансрын шинжлэх ухаанруу
эргэлт буцалтгүй орчихлоо.
-Миний эзэмшсэн эрдэм боловсрол, олж авсан мэдлэг Монголынхоо төлөөх үйл хэрэгт зориулагдах ёстой гэсэн итгэл үнэмшлээр би хүмүүжиж төлөвшсөн. Би Монголын сул талыг хэнтэй ч дайсагнахгүйгээр давуу тал болгохын төлөө л бүх эрдэм чадвараа дайчилна. Монголд гуравдагч орны хөрөнгө оруулалтыг татах, ялангуяа технологийн салбарын хөрөнгө оруулалтыг татах явдал их чухал байна. Мөн Монголын 3.5 сая иргэний 1 сая гаруй нь ажиллах хүч. Гэхдээ тэдний нэг хэсэг нь гадаадад хөдөлмөрлөж байна. Үүнд би эмзэглэж явдаг. Байнга ийм хэвээр байвал шударга биш шүү дээ.
-Таны багын мөрөөдөл сансартай холбоотой байсан уу?
-Би багадаа сансрын
нисгэгч болох мөрөөдөлтэй, сансар огторгуйн сэдэвт зураг зурах дуртай хүүхэд
байсан. 2018 онд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх "Дайчин чанар-Тэсвэрийн талбар 360" байт
харвааны талбайг хандиваар цуглуулсан хөрөнгөөр байгуулсан юм. Түүний дараа
Марс гараг мэт төсөөлөгдөх байт харвааны цогцолбор байгуулах төлөвлөгөө
боловсруулж, зураг төслийг нь хийж эхэллээ. Ингээд Марсыг судлах эхний алхмаа
хийж, NASA-ийн зургуудыг олж, судалгаа маань гүнзгийрсэн л дээ. Нөгөө спорт цогцолбор
байгуулах хүсэл маань Марсын аналог төв байгуулах төсөл болж хувирсан юм.
Үүнээс гадна дэлхий дахины эдийн засаг хаашаа явж байна вэ, хүн төрөлхтний
хөгжлийн чиг хандлага аль зүгт байна вэ гэдгийг харж байгаа учраас энэ ажил руу
гүнзгий орж чадсан. Түүнээс биш энэ бол зөвхөн багын мөрөөдлөөрөө ч юм уу,
эсвэл ямар нэгэн санамсаргүй тохиолдлоор эхлэх ажил яавч биш шүү дээ. 2040-өөд
он гэхэд ажлын маань үр дүнг хүн бүр харах байх. Ноолуур, нүүрс Монголын брэнд гэдэг
бол, тэр үед Марс Монголын брэнд болсон байна гэдэгт би итгэдэг.
-Энэ бол зүгээр нэг биелэшгүй бүтэшгүй мөрөөдөл биш
гэдгийг хүмүүст ойлгуулахад хэр хугацаа зарцуулахаар байна вэ? Гэхдээ заавал
хүн бүхэн үүнийг ойлгодог, эерэг ханддаг байх албагүй ч юм даа, тийм үү?
-Олон
нийт ойлгох эсэх нь чухал биш, харин Монголд урт хугацаандаа хэрэгтэй төсөл
гэдэг нь л чухал. Хүн бүрт ойлгуулахын төлөө яваад эхэлбэл үндсэн агуулгаасаа
бид гажчихна шүү дээ. Үүний шинжлэх ухааны ач холбогдол нь л онцгой
чухал.
-Манай улсын сансрын шинжлэх ухааны хөгжилд одоо юу
илүү чухал хэрэгтэй байна гэж та харж байна вэ?
-Сансрын
өрсөлдөөнд орох старт-ап буюу гарааны бизнес эрхэлж буй хувийн хэвшлийн хууль
эрх зүйн орчныг бүрдүүлэх, тэднийгээ бүрэн дүүрэн дэмжих ёстой. Төр заавал бүх
хөрөнгийг гаргах шаардлагагүй. Тун саяхан Монголын анхны хувийн хэвшлийн,
арилжааны хиймэл дагуулыг “ONDO” ХХК хөөргөж чадлаа. Манай шинжлэх ухааны
салбарынхан бизнесийн байгууллагуудтайгаа хамтраад олон амжилт гаргах
хангалттай чадамжтай. Мөн газарзүйн байрлалын хувьд маш том давуу талтай орон
бол Монгол. Гринвичийн 6, 7 , 8-р бүсэд оршдог учир бага оврын хиймэл дагуулын
хяналтын төв байгуулах бүрэн боломжтой. Нэг цагийн бүс төвтэй орнуудад ийм
боломж бага учир олон улсын шинжлэх ухааны байгууллагууд манайд хөрөнгө
оруулалт хийх сонирхол өндөр байдаг юм. Тэгэхээр Монгол бол хөрөнгө оруулахад найдвартай
улс гэдэг итгэлийг бүрэн бий болгосон эрх зүйн орчноо эхний ээлжинд бүрдүүлэх
хэрэгтэй.
Одоо
агентлагийн ажлыг MARSA хийж, Монголын сансрын шинжлэх ухааны байгууллагыг
төлөөлж MARSA гарын үсэг зурж байна. Энэ юуг хэлээд байна вэ гэвэл Сансрын
агентлагтай болох хэрэгтэй гэсэн үг. Аль нэгэн яамны дэргэдэх газар биш,
бодлого хэрэгжүүлдэг бие даасан агентлаг байгуулбал Монгол Улсад хэрэгтэй. Энэ
гурван зүйлийг хийж чадвал том хөрөнгө оруулалтууд ар араасаа орж ирэх бүрэн
боломжтой.
-Танай баг NASA-д илтгэл тавихдаа Д.Нацагдоржийн “Од”
шүлгийг найман орны хэл дээр уншсан. Дэлхийн том эрдэмтэд
хэрхэн хүлээж авсан бол гэдэг нь тун сонин байна?
-Энэ шүлгийг дэлхийн
эрдэмтэд сонсоод гайхаж, догдолдог. Монголчуудыг зүгээр л хоёр их гүрний дундах
жижиг улс гэж харж болохгүй юм байна гэдгийг дэлхийн эрдэмтдэд энэ шүлэг
ойлгуулж өгдөг. Монгол хүн 100-аад жилийн өмнө хүн
төрөлхтний мөрөөдлийг тунхаглаж байсан байна шүү дээ.
1931 онд бичигдсэн шүлэг.
Тэр үед Никола Тесла 75 настай, Альберт Эйнштейн 54 настай байсан. Яаж 25
настай монгол залуу хүн төрөлхтнийг төлөөлж ингэж хэлж, яаж ийм гайхамшигтай
шүлэг бичив ээ. Тэр бол шүлэг төдий зүйл биш байжээ. Энэ соён гэгээрүүлэгч хүний тухай би “Марсын хүн” нэртэй ном бичсэн. Каннын кино наадамд их зохиолчийн тухай
бүрэн хэмжээний баримтат уран сайхны кино бүтээж илгээгээд байна. Мөн "Од" шүлгээр дуу хийсэн.
Ирээдүйг зөгнөн мөрөөдсөн
асар том алсын хараа энэ шүлгээс харагддаг.
“Холхи газраас гялалзан харагдах өнгөт од оо
Хязгааргүй огторгуйн
дунд зугаалсан олон улаан оч оо
Нарт ертөнцийн дотор
суугаа марс од оо
Манай хүн төрөлхтөн
чамтай танилцахыг хэдийнээс хүсэв”
Төгсгөлд нь, “Урьдаар нийгэм журмыг байгуулж, дараагаар чамтай ураг болсугай” гэсэн байдаг. Хүн төрөлхтөн чам дээр очно оо гэж хэлжээ. Одоо “Од” шүлэг бичигдсэнээс хойш 100 жилийн дараа хүмүүс Марс дээр газардах тухай ярьж байна.
-Ярилцсан танд баярлалаа.