Эрүүл мэндийн сайд С.Чинзориг ГССҮТ-ийн эмч мэргэжилтнүүдтэй уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2024-03-27 11:49:30

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн болон холбогдох албаныхан ГССҮТ-ийн үйл ажиллагаатай энэ сарын 25-нд танилцаж, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй уулзлаа.


Уулзалтаар ГССҮТ-ийн захирал, Анагаах ухааны магистр, тэргүүлэх зэргийн эмч Э.Галбадрах удирдлагын багийн хамт төвийн үйл ажиллагааг танилцуулж, эмнэлгийн тусламж үйлчилгээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлын талаар мэдээлэл өгсөн юм.


Төвийн хувьд дотоод үйл ажиллагаанд шаардагдах зарим асуудлыг өөрсдөө шийдвэрлэж байгаа ч оношилгоо эмчилгээний чухал хэрэглэгдэхүүн болох MRI аппарат, орон нутагт яаралтай тусламж үзүүлэх алсын дуудлагын автомашин, тасаг нэгжийн иж бүрэн засвар үйлчилгээг хийж гүйцэтгэхэд тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг хэрэгтэйг салбарын удирдлагуудад дуулгасан.


Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд Эрүүл мэндийн даатгалын санхүүжилттэй холбоотой тулгамдаж буй асуудал, олон улсын дэвшилтэт технологи болон мэс засал эмчилгээг эх орондоо нутагшуулахад чухал хэрэгцээт микроскоп зэрэг зарим өндөр өртөгт тоног төхөөрөмж, төлбөрт тусламж үйлчилгээний үнэ тарифын зөрүүтэй байдлын талаар санал хүсэлтээ илэрхийлж, холбогдох тайлбар мэдээллийг авлаа.


Энэ хүрээнд Эрүүл мэндийн сайд С.Чинзориг улсын хэмжээнд гэмтэл согогийн тусламж үйлчилгээг цогцоор нь үзүүлж буй лавлагаа шатлалын эмнэлгийн хувьд нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг түлхүү үзүүлэх, иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, ялангуяа иргэн бүр осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэнд, амь насаа авран хамгаалах талаар амьдралын зөв дадал хэвшил, мэдлэг хандлагатай болоход чиглэсэн шинжлэх ухааны судалгаа, баримт нотолгоонд суурилсан нөлөөллийн ажлыг зохион байгуулж ажиллахыг хүсэж, бүх боломж нөхцөлөөр нь дэмжинэ гэдгээ хэлсэн юм.


Түүнчлэн эх орондоо нутагшуулсан шинэ технологи, мэс засал эмчилгээг орон нутагт нэвтрүүлэх, улмаар гэмтлийн шалтгаант өвчлөлийг бууруулах, төвлөрлийг сааруулах үүднээс БОЭТ, аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч мэргэжилтнүүдийг ажлын байранд нь сургаж чадавхжуулах, хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь нэн чухал болохыг онцоллоо.


Мөн өнгөрсөн хугацаанд Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль,Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, Тусгай сангийн тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулсан тухай танилцуулсан бөгөөд удахгүй Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн хүрээнд эмч, эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн байдлыг хамгаалах, нийгмийн хамгааллыг сайжруулахад чиглэсэн заалтуудыг оруулах, эрсдэлийн даатгалын тогтолцоог нэвтрүүлэх тал дээр тодорхой ажлуудыг хийж буйгаа ч товч танилцуулсан юм.


Эрүүл мэндийн сайдын хувьд эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжээс гадна эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн харилцаа хандлагыг сайжруулахад анхаарч, иргэд үйлчлүүлэгчдийн соёлтой үйлчлүүлэх ёс зүйг төлөвшүүлэх, эерэг хандлагыг бий болгоход чиглэсэн үйлчилгээний стандартыг хэрэгжүүлсэн түшиц байгууллага болоход ГССҮТ-ийнхөн манлайлж ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.


Уулзалтаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг тус төвийн зарим тасгийн засвар үйлчилгээ, өндөр өртөгт MRI аппарат болон ЭМД-ын санхүүжилттэй асуудлыг судалж шийдвэрлэхээр болж, яаралтай тусламжийн иж бүрэн тоноглосон автомашиныг эмнэлгийн удирдлагуудад гардуулж өглөө.



Холбоотой мэдээ