Армени, АНУ, Европын Холбооны уулзалт Азербайжаны эсрэг чиглээгүй гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-04-05 10:18:39

ЕРЕВАН/БРЮССЕЛЬ, 2024 оны дөрөвдүгээр сарын 5 /ТАСС/. Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен нар өнөөдөр Брюссель хотноо уулзана. Энэхүү гурван талт уулзалт нь геополитикийн шинжийг агуулаагүй, бусад орны эсрэг чиглээгүй гэж Арменийн эрх баригчид өмнө нь нэг бус удаа мэдэгдэж байв. 


Уулзалт болох гэж байгаа тухай Арменийн Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Армен Григорян анх зарласан юм. Тэрбээр барууны талыг баримтлагч гол үзэл сурталчдын нэг бөгөөд барууны орнуудтай ойртон нягтрах нь зүйтэй гэж үздэг улстөрч юм. А.Григорян уулзалтын талаар мэдэгдэхдээ “Армени улсын хөгжилд хувь нэмэр оруулах гурван талын хамтын ажиллагааны замыг хэлэлцэхээр төлөвлөж байна. Энэ уулзалт бол Арменийн тогтвортой байдлыг бэхжүүлэх зорилготой” гэжээ. 


Армени улс Европын Холбоонд элсэх хүсэлтэй байгаа тухай яриа ид өрнөж, эрх баригчид тодорхой тайлбар өгөхгүй байгаа энэ үед дээрх мэдэгдэл бол Армени улс геополитикийн нөхцөл байдалд өөрчлөлт оруулж, стратегийн холбоотон болох Оростой харилцаагаа дордуулж болзошгүй ямар нэгэн саналыг Брюссельд танилцуулах гэж байгаагийн дохио байж болзошгүй гэж Ереванд болон зарим улс оронд үзэж байна. 


Уулзалтыг тойрсон тодорхойгүй байдал, нийгэм дэх таамаглалууд нь талуудыг удахгүй болох уулзалтын үеэр хэлэлцэх асуудлуудын талаар илүү тодорхой мэдэгдэл хийхэд хүргэсэн байна. Тухайлбал, Э.Блинкен хэлэхдээ, уулзалт үндсэндээ эдийн засгийн асуудлуудыг хөндөх бөгөөд Азербайжан улсын эсрэг чиглээгүй гэж мэдэгджээ. Арменийн Гадаад хэргийн яам мэдээлэхдээ, уулзалтын үеэр эдийн засаг, хүмүүнлэгийн асуудлууд, Уулын Карабахын дүрвэгсдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх арга замыг хэлэлцэх болно гэжээ.


Дээрх уулзалттай холбогдуулан Туркийн Гадаад хэргийн яамнаас мэдэгдэл гаргажээ. Баасан гарагт Брюссельд болох Армени, АНУ, Европын Холбооны гурван талын уулзалт нь бүс нутгийн ээдрээтэй асуудлуудыг шийдвэрлэхэд үндэс суурь болох учиртай төвийг сахих зарчмыг алдагдуулахаас гадна Азербайжаныг оролцуулаагүй энэхүү санаачилга нь Өмнөд Кавказыг геополитикийн өрсөлдөөний бүс болгох эхлэлийг тавина гэж мэдэгдэлд дурдсан байна.

Холбоотой мэдээ