Төв аймаг ургац хураалтыг энэ сарын 10-аар дуусгах төлөвлөгөөтэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв аймгийн хөдөө аж ахуйн газраас ургац хураалтын ажлыг энэ сарын 10-ний өдөр дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
“Энэ сарын 5-7-ний хооронд нойтон цас орох цаг агаарын урьдчилсан төлөв ажиглагдаж байгаа тул Төв аймгийн хөдөө аж ахуйн газраас ургац хураалтын ажлыг түргэвчлэх шаардлагатай байна” хэмээн Төв аймгийн ХААГ-ын үр тариа хариуцсан мэргэжилтэн Ж.Сүрэнхоролоо хэллээ.
Өнөөдрийн байдлаар ургац хураалтын ажил 65 хувьтай явагдаж байгаа бөгөөд үр тариа 49414 га талбайгаас 61091.7 тн, улаан буудай 46784 га талбайгаас 58466 тн, бусад ургамал 2630 га талбайгаас 2625 тн-ийг тус тус хураагаад байна. Мөн төмс 5164 га талбайгаас 47586 тн, хүнсний ногоо 426,5 га талбайгаас 4020.6 тн, тосны ургамал 2882 га талбайгаас 1129 тн-ийг, тэжээлийн ургамал 2474 га талбайгаас 4714 тн-ийг тус тус хураасан дүнтэй мэдээтэй байна.
Төв аймгийн ургац хураалтын ажилд 318 оюутан, 709 цэрэг, 116 мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн хүүхдүүд оролцож байгаа бөгөөд товлосон хугацаанд цаг агаарын саатлыг харгалзан хураалтын ажлаа дуусгахаар шахуу ажиллаж байгаа талаар албаныхан онцоллоо.
Т.Есүхэйтөмөр