Автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг бууруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ
dogsom@montsame.mn
2016-10-05 19:58:28

Засгийн газрын ээлжит хуралдаан 2016 оны 10 дугаар сарын 05-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Сүхбаатар, Замын-Үүд, Алтанбулаг боомтоор оруулж ирэх автобензинд ногдуулах онцгой албан татварыг тонн тутамд 260 мянга, дизелийн түлшинд тонн тутамд 280 мянга, Эрээнцаваар оруулж ирэх автобензинд тонн тутамд 130 мянга, дизелийн түлшинд тонн тутамд 150 мянган төгрөг байхаар тогтоолоо. 

Дотоодын зах зээлд борлуулж байгаа автобензин, дизелийн түлшний жижиглэнгийн борлуулалтын үнийг тогтвортой байлгах арга хэмжээ авч, хяналт тавьж ажиллахыг сайд Ц.Дашдоржид даалгав.

Засгийн газар өнгөрсөн оны 11 дүгээр сард онцгой албан татварын хэмжээг хилийн үнэ, валютын ханшны хэлбэлзэлтэй уялдуулан автобензинд тонн тутамд 400 мянга, дизелийн түлшинд тонн тутамд 520 мянган төгрөг байхаар тогтоосон байсан юм.

Оны сүүлийн хагас жилээс ам.доллартай харьцах төгрөгийн ханш суларсантай холбогдуулан газрын тосны бүтээгдэхүүний худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн зардал өсч, жижиглэнгийн борлуулалтын үнэд өөрчлөлт оруулах нөхцөл үүссэн учир онцгой албан татварын хэмжээг ийнхүү шинэчлэн тогтоолоо.

Холбоотой мэдээ