Сэтгүүлчид шүүхийн хөтөч гарын авлагатай боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Шүүхийн ерөнхий зөвлөл (ШЕЗ)-өөс сэтгүүлчдийг мэргэшүүлэх сургалтыг жил бүр зохион байгуулж байна. Энэ нь Монгол Улсад шүүхийн сэтгүүл зүйг хөгжүүлэх, шүүхийн байгууллага хэвлэл мэдээллийн хэрэгсэл хамтран ажиллах зорилготойг ШЕЗ-ийн гишүүн, Монгол Улсын гавьяат хуульч Д.Зүмбэрэллхам хэлж байлаа.
Тэрбээр, шүүх болон
сэтгүүл зүй аль аль нь хараат бус байх ёстой гээд үүний төлөө аль аль
салбар нь сүүлийн 30 жилд хичээж ирлээ. Сэтгүүлчдийг мэргэшүүлэх сургалт нь
манай хоёр салбарынхан хамтран ажиллахад шүүхийн захиргааны байгууллагаас гаргаж
буй хамтын хүчин чармайлтын нэг хэлбэр нь юм гэдгийг онцоллоо.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн
гишүүн А.Отгонцэцэг хэлэхдээ, шүүх байгууллагын үйл ажиллагаа, ХМХ олон нийтэд
нээлттэй байх ёстой. Шүүхийн нээлттэй байдал эхлээд шүүхээс өөрөөс нь эхэлнэ.
Ингэж байж дараа нь ХМХ-ийн оролцоог хангана. Энэ нь шүүхийн ил тод, нээлттэй,
шударга байдлыг хангах хөшүүрэг болно. Энэ талаар шүүхийн байгууллага шинэчлэл хийж байна гэв.
“Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч”-ийн 11 дэх удаагийн сургалтад өдөр тутмын сонин, мэдээллийн портал сайт болон телевизийн 30 гаруй сэтгүүлч хамрагдлаа. Уг сургалтад өнгөрсөн хугацаанд давхардсан тоогоор 400 гаруй сэтгүүлч суралцжээ. Шүүхийн байгууллагын үйл ажиллагаа, мэдээллийг олон нийтэд хүргэхэд шаардлагатай суурь мэдлэг, чадвар олгох сургалтаар:
- “Канад
улсын шүүхийг сурвалжлах туршлага ба Монгол Улсад нутагшуулах нь” сэдвээр Канад
Улсын Холбооны шүүхийн асуудал эрхлэх газрын Олон улсын хөтөлбөрийн дарга Олег
Шаков онлайнаар,
- Мөн
Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгийн
Сургалтын албаны дарга, ахлах прокурор О.Алтангэрэл “Таслан сэргийлэх арга
хэмжээ, түүний хэрэгжилт” сэдвээр танхимаар тус тус танилцууллаа.
Энэ
удаагийн сургалтын онцлог нь сэтгүүлч нарт зориулсан “Шүүхийн сэтгүүл зүйн
хөтөч” гарын авлага гаргаж буйг Хэвлэлийн хүрээлэнгийн сэтгүүл зүйн багш Ц.Оюунтунгалаг танилцууллаа. Гарын авлагыг ШЕЗ-өөс санаачлан
захиалж, Монголын Хэвлэлийн хүрээлэн, “Оюуны инновац” зэрэг мэргэжлийн
байгууллагын дэмжлэгтэй гарган сэтгүүлчдийн гарт хүргэж байна.
“Шүүхийн сэтгүүл зүйн хөтөч”-д сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд шүүх хуралдааны танхимаас сурвалжлахдаа эрх зүйн мэдлэгтэй, мэргэжлийн байж, хамгийн гол нь хүний эрхийг дээдэлсэн ёс зүйтэй байх зэрэг үүрэг хариуцлагын хэм хэмжээг тусган тодорхойлжээ.