Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн зөрчлийг илрүүлэх механизм бүрдүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 18 /МОНЦАМЭ/. ХЭҮК, “Тэгш Нийгэм холбоо” ТББ хамтран Европын холбооны дэмжлэгтэйгээр “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн зөрчилд хариу үзүүлэх, үр нөлөөг сайжруулахад иргэний нийгмийн байгууллагуудын хувь нэмэр” сургалтыг энэ сарын 17-18-нд зохион байгууллаа.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг чадавхжуулж, хүний эрхийн хамгаалагч бэлтгэх зорилготой сургалтад хамрагдсан оролцогчид нь хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн зөрчлийг
илрүүлэх, төвлөрлийг сааруулах мониторингийн механизм байгуулж, Хөгжлийн
бэрхшээлтэй хүний эрхийн төлөв байдлын илтгэлд мэдээлэл цуглуулан тусгаж, УИХ-д
мэдээлэл хүргэх чадамжтай болох юм. Монгол
Улсын “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх ба сүүдэр илтгэл”-д НҮБ-ын Хүний эрхийн
зөвлөлөөс өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх, “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн
зөрчилд хариу үзүүлэх үр нөлөөг сайжруулахад Иргэний нийгмийн байгууллагуудын
хувь нэмэр” төсөл хэрэгжих 2 жилд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн зөрчилтэй
холбоотой гомдол, мэдээлэлд санал солилцох чиглэлээр ХЭҮК-той хамтран ажиллана.
Дээрх сургалтаар хүний эрхийн тухай ойлголт, хүний эрхэд суурилсан хандлага, хүний эрхийн олон улсын гэрээ, хүний эрх ба жендер, хүүхдийн эрх ба хамгаалал, хүний эрхийн үндэсний байгууллага ба Парисын зарчим, чиг үүрэг, хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, ХБХЭ-ийн талаарх конвенц ба Сүүдэр илтгэл, Монгол Улсад өгсөн зөвлөмж сэдвийн хүрээнд мэдлэг, ойлголтыг өгчээ. Тухайлбал, ХЭҮК-ын Тамгын газрын дарга Ц.Адъяахишиг “Хүний эрхийн үндэсний байгууллага ба Парисын зарчим, чиг үүрэг”-ийн талаар танилцуулахдаа, “Хүний эрхийг хангах, хамгаалах, хүндэтгэх чиг үүргийг бүх төрийн байгууллага, албан тушаалтан хэрэгжүүлэх үүрэгтэй. ХЭҮК нь хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд төр энэ үүргээ хэрхэн хэрэгжүүлж байгаад хяналт тавьдаг хараат бус, хөндлөнгийн байгууллага” гэдгийг онцолсон юм. Тэрбээр, хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоог боловсронгуй болгоход иргэний нийгмийн үүрэг оролцоо чухал. Иргэний нийгэм нь эрх нь зөрчигдөж буй хүний эрхийг хамгаалах, шаардлагатай тусламжийг тодорхойлоход ихээхэн үүрэг гүйцэтгэдэг учир хүний эрхийн тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг болж байдаг” хэмээжээ.
“Тэгш Нийгэм холбоо” ТББ-ын Гүйцэтгэх захирал Л.Энхбуянт
“Хөгжлийн бэрхшээл нь зөвхөн тухайн хүний асуудал мэт ойлгож, хүлээн авдаг
хандлага нийгэмд байдаг нь өрөөсгөл
ойлголт. Учир нь ямар нэг байдлаар
аль нэг чадвараа алдсан бол
хөгжлийн бэрхшээлийн хэлбэрт тодорхой хамаардаг гэсэн утгаараа нийгмийн асуудал юм” гэв.
ХЭҮК-ын орон
нутаг дахь албан хаагчид,
“Тэгш Нийгэм холбоо”, “Нийгмийн түншлэлийн холбоо”, “”Хүүхэд, хөгжил, шийдэл”,
“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо”, “Түгээмэл хөгжил”, Тэргэнцэртэй
иргэдийн холбоо” зэрэг ТББ-ын
төлөөлөл сургалтад хамрагдаж, гэрчилгээ гардан авчээ.