БНХАУ-ын нисэх буудлын мэргэжилтнүүд ИНҮТ-д ажиллаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. ИНҮТ-ийн даргын урилгаар БНХАУ-ын “ROC Aviation” компанийн мэргэжилтнүүдийн Монгол Улсад хийх ажлын айлчлал өнөөдөр эхэллээ.
Нисэх буудлын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг “ROC Aviation” компанийн мэргэжилтнүүд манай улсад 2024 оны 9 дүгээр сарын 8-15-нд ажиллах юм. Энэ үеэр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын барилга байгууламж, ашиглалтыг цогцоор нь дахин төлөвлөж, ТЭЗҮ-ийг боловсруулахад дэмжлэг үзүүлэх, “Буянт-Ухаа” ОУНБ болон Өмнөговь аймгийн “Гурвансайхан” нисэх буудлын цаашдын ашиглалтыг сайжруулах, БУОУНБ-ын сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ, нисэх буудлын үйл ажиллагааны байгаль орчинд үзүүлэх нөлөөнд дүн шинжилгээ хийх, жишиг ногоон нисэх буудал болгох судалгаа хийж, төлөвлөгөө боловсруулах зэрэгт зөвлөгөө мэдээлэл өгнө.
ИНҮТ-ийн дарга Э.Төрбаяр болон даргын зөвлөлийн гишүүд “ROC Aviation” компанийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ИНҮТ-ийн дарга Э.Төрбаяр тус компанийн мэргэжилтнүүдэд ИНҮТ-ийн үйл ажиллагааны талаар танилцуулав. Тэрбээр “Монгол Улсын Засгийн газраас нисэхийн салбарт тулгуурлан бүс нутгийг хөгжүүлэхэд онцгой анхаарч байгаа. “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд орон нутгийн 4 нисэх буудлыг олон улсын зэрэглэлтэй болгохоор зарласан. Үүн дээр болон БУОУНБ-ыг хэрхэн хөгжүүлэх тал дээр үнэтэй зөвлөгөө өгнө гэж найдаж байна. ИНҮТ шаардлагатай мэдээллүүдийг өгч, бүх талаар дэмжин, хамтарч ажиллана” гэлээ.
“ROC Aviation” компанийн Гүйцэтгэх захирал ноён Ли Вей хэлэхдээ, “Манай компани БНХАУ-д “Нэг бүс, нэг зам” санаачилгын хүрээнд нисэх буудлыг шинэчлэх, дахин төлөвлөх, барих зэргээр цогцоор нь хөгжүүлэхэд зөвлөн туслах цогц үйлчилгээ үзүүлдэг цорын ганц компани. Тэр дундаа Олон улсын агаарын тээврийн холбоо /IATA/, Олон улсын иргэний нисэхийн байгууллагын /ICAO/ шаардлагад нийцсэн хүлэмжийн хийн ялгаралгүй ногоон нисэх буудал бий болгох чиглэлээр зөвлөгөө өгөн ажиллаж байна. Бид БУОУНБ болон “Гурвансайхан” нисэх буудлын талаар суурь судалгаа хийсэн. Айлчлалын өдрүүдэд илүү нарийн судалгаа хийж, газар дээр нь ажиллан, цаашид хэрхэн хөгжүүлэх боломжийн талаар зөвлөгөө мэдээлэл өгөх болно. Ногоон нисэх буудал бий болгоход цаашид илүү урт хугацаанд үр өгөөжтэй хамтран ажиллана гэж найдаж байна” гэсэн юм.
Үүний дараа “ROC Aviation” компанийн мэргэжилтнүүд БУОУНБ-д ажиллалаа. Тус уулзалтад ИНҮТ-ийн холбогдох бичг үүргийн нэгжийн удирдлагууд оролцов гэж ИНҮТ мэдээлэв.