Ус фторт нүүрстөрөгчүүдийн хэрэглээг бууруулахаар тохиролцлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
nyamtulga@montsame.mn
2016-10-15 14:03:11

КИГАЛИ. /BBC/. Дэлхийн 150 орчим орон дэлхийн уур амьсгалыг хамгаалах зорилгоор "ус фторт нүүрстөрөгчүүд" хүлэмжийн хийн хэрэглээг хязгаарлахаар тохиролцлоо.

Хөргөгч, агааржуулагч зэрэгт хамгийн ихээр ашигладаг ус фторт нүүрстөрөгчүүд нь дэлхийн дулааралд хамгийн их нөлөөлдөг байна.

Уг хэлэлцээрийн хүрээнд хөгжингүй орнууд уг хийн хэрэглээг буурай хөгжилтэй орнуудаас илүүтэйгээр багасгах үүрэг хүлээжээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри өчигдөр Руанда улсад цугласан улс орнуудын төлөөлөгчдөд хандан үг хэлэхдээ, “ус фтрот нүүрстөрөгчүүд нь дэлхийн уур амьсгалд маш аюултай” гэж мэдэгдэв.

Энэ хий нь нарнаас ирэх дулааныг нүүрстөрөгчийн давхар ислээс хэдэн мянга дахин илүү хаах чадвартай байдаг байна.

Төлөөлөгчид уг хэлэлцээрийг хөгжингүй болон хөгжиж буй орнуудад аль алинд нь тохиромжтой хэлбэрээр бэлтгэхийн тулд бүхэл шөнөжин ажиллажээ.

Хөгжиж буй орнуудад агааржуулалтын системийг маш ихээр ашиглах болсноор агаарт байдаг ус фторт нүүрстөрөгчүүдийн хэмжээ 10-15 хувиар нэмэгдсэн байна.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ