ОРХОН: “Халхын гол тангараг” жүжиг Эрдэнэт хотод хаалтаа хийлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНБаян-Өндөр, 2024 оны есдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Халх голын 85 жилийн ойд зориулан бүтээсэн Геннадий Башкуевын зохиол, найруулагч Олег Юмовын бүтээл “Халхын гол тангараг” жүжгийг Эрдэнэт хотод тоглолоо.
Хоц Намсараевын нэрэмжит Буриад улсын Драмын
академик театрын уран бүтээлчид уг жүжгээ Зуунмод, Чойбалсан, Улаанбаатар,
Чингис, Дархан хотын үзэгчдэд толилуулсан бөгөөд Эрдэнэт хотноо хаалтын
тоглолтоо хийсэн юм.
Бодит явдлаас сэдэвлэсэн уг драмын жүжгийг хоёр жил судалгаа хийж, жүжгийн
гол дүр болох Халхын голын байлдааны ахмад дайчин хатагтай Цэрэнгийн Чимэдцэрэнгийн
аман ярианд тулгуурлан бүтээсэн байна.
Жүжгийн гол баатрын эх дүр Цэрэнгийн Чимэдцэрэн нь өдгөө 104 настай бөгөөд
Улаанбаатар хотод амьдарч байна. Тэрбээр Халхын голын дайны фронтод сайн дураар явахаар найзуудаа уриалж, эх орныхоо
төлөө зүтгэж байгаа тухай жүжигт өгүүлнэ.
Энэхүү жүжгээр эх оронч үзэл, амиа үл хайрлан зүтгэх сэтгэл, ард түмний найрамдал,
хүний амь хэчнээн үнэ цэнтэй вэ гэдэг чухал асуудлуудыг хөндөхөөс гадна гэрэлт
ирээдүйд итгэх итгэл найдварын тухай өгүүлдэг юм.
Халхын голын ялалтын 85 жилийн ойг тэмдэглэх хүрээнд хоёр улсын
хооронд хэд хэдэн хамтарсан ажил төлөвлөсний нэг нь
энэхүү жүжиг юм. Жүжгийг “Культура” үндэсний төслийн хүрээнд Буриадын засгийн
газар, соёлын яамны дэмжлэгтэй тоглож байгаа юм.
Жүжгийг монгол хэлнээ хөрвүүлэн үзэгчдэд толилуулахаас гадна гол дүрийг монгол жүжигчид бүтээснээрээ онцлог байв. Цаашид манай улс ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын Соёлын яамтай олон талт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, соёл урлагийн салбарынхантай харилцан туршлага солилцож, хамтран ажиллах нэг алхам нь энэхүү хамтарсан жүжиг болсон юм.