СЭЛЭНГЭ: Шинэ хөдөө төслийн үр дүнд жилийн 4 улиралд тариалалтаа хийнэ

ХӨГЖЛИЙН ТӨСЛҮҮД
otgontsetseg@montsame.mn
2024-09-27 16:27:07

Сүхбаатар, 2024 оны есдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Шинэ хөдөө төслийн хүрээнд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд 10 хүний бүрэлдэхүүнтэй "Ургадаг алт-Ургамалан далай" хоршоог байгуулан үр бүтээлтэй ажиллаж байна.

 

Тус хоршоо нь өнгөрсөн 6 сард байгуулагдсан бөгөөд үрслэгээ хийх хугацаа бага байсан учраас бүх тарилтынхаа үрслэгийг худалдан авч тариалалтаа хийжээ.

 

Эднийх 288 м2  багтаамжтай дөрвөн улирлын хүлэмж, мөн 120 м2 багтаамжтай зуны нийлэг хальсан хүлэмж гуравтайгаар тариалалтаа явуулж байна.

 

"Ургадаг алт-Ургамалан далай" хоршооныхон хүлэмждээ өргөст хэмх, улаан лооль, амтат чинжүү, хаш, салад навч, яншуй, бууцай, юуцай, урт сонгино тариалжээ.

 

Шинэ ургацаа сум орон нутагтаа болон Улаанбаатар, Эрдэнэт, Дархан зэрэг газруудад худалдан борлуулж байна.

 

Жилийн дөрвөн улиралд тариалах боломжтой учраас аль ч улиралд шинэ ногоогоор үйлчлэх нөхцөл бүрэн бүрдсэн хэмээн тус хорооны хамт олон сэтгэл дүүрэн байна.

 

Одоо тус хамт олон намрын ургац хураалтаа хараахан дуусаагүй байгаа бөгөөд өвлийн тарилтаа үргэлжлүүлэн тариалахаар халаалт болон тарилтын бэлтгэл ажилдаа оржээ.  

Холбоотой мэдээ