Зэсийн АМНАТ-ыг олборлогч, үйлдвэрлэгчдэд тэгш байлгана
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар, 2024 оны аравдугаар
сарын 3. /МОНЦАМЭ/. Аж үйлдвэр, эрдэс
баялгийн сайд Ц.Туваан уул уурхайн “Mining Week & MinePro-2024” олон улсын чуулга уулзалтад тавьсан илтгэлдээ геологи хайгуулын салбарт төрөөс
баримтлах бодлогоо зарласан юм.
Тэрбээр "Ойрын хугацаанд хайгуулын зургаан талбайг
зарлахад бэлэн болсон. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг
цахимаар, нээлттэй, ил тод хэлбэрээр зохион байгуулна. Цаашид ашигт малтмалын
хайгуул, судалгааны ажлыг эрчимжүүлж, нөөцийг нэмэгдүүлэх чиглэл
баримтална" гэлээ.
Мөн тэрбээр зэсийн Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ)
болон зэс хайлуулах, боловсруулах үйлдвэртэй холбоотой байр сууриа илэрхийлсэн
юм.
"Ойрын ирээдүйд манай улс аж үйлдвэржсэн, олон
тулгуурт эдийн засагтай, нэг салбараас хараат бус орон болохыг зорьж
байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан 14 мега төслийн 6 нь аж
үйлдвэр, эрдэс баялгийн салбарт ногдож байгаа. Энэ ажлыг зэс хайлуулах
үйлдвэрээсээ эхлэн барьж авч ажилдаа орох болно” гэдгийг салбарын сайд
мэдэгдлээ.
Ц.Туваан: Ойрын хугацаанд хайгуулын зургаан талбайг зарлахад бэлэн болсон.
Эрдэнэтийн үйлдвэрээ түшиглэж зэс хайлуулах үйлдвэрийн
эхний цогцолбор үйлдвэрлэл, технологийн парк (ҮТП)-ийг нээхээр ажиллаж байна.
Тэнд боловсон хүчин нь байна, дэд бүтэц, түүхий эд нь байна. ҮТП-ийг
хөгжүүлэхэд шаардлагатай дэд бүтцийн 90 гаруй хувийг хийсэн.
Тун удахгүй Монгол Улс дахь хамгийн том гадаадын хөрөнгө
оруулагч "Оюу Толгой" төслийн хүрээнд зэс хайлуулах, боловсруулах
үйлдвэрийн төслийг амжилттай эхлүүлж хийнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ
ташрамд, Монгол Улсын Засгийн газар зэсийн АМНАТ-ын талаар ярина. Зэсийн АМНАТ-ыг
олборлогч, үйлдвэрлэгч ААН-үүдэд тэгш боломжтой байлгах тал руу нь зорьж
ажиллах болно гэв.
Нэмж тодруулахад, улсын хэмжээнд зэсийн 56.5 сая тонн, нүүрсний 36.6
тэрбум тонн, төмрийн 1.8 тэрбум тонн батлагдсан нөөц бүртгэгдээд байна. Ашигт
малтмалын хайгуулын 1001, ашиглалтын 1728 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр
байна. Үүнээс ашиглалтын тусгай зөвшөөрөл нийт газар нутгийн 1.2 хувийг эзэлж
байгаа боловч экспортын орлогын 94 хувийг бүрдүүлж байна.