Чойр-Сайншанд цахилгаан дамжуулах шугамын төслийн санхүүжилтэд гарын үсэг зурав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат Европын сэргээн босголт, хөгжлийн банкны /ЕСБХБ/ Ерөнхийлөгч Одиль Рено-Бассотой уулзаж, Чойр-Сайншанд цахилгаан дамжуулах шугамын төслийн 8 сая еврогийн нэмэлт санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурлаа.
Чойр-Сайншанд чиглэлийн 220 км 220 кВ цахилгаан дамжуулах шугам сүлжээ, Чойр,
Сайншанд дахь дэд станцуудыг барих төсөл нь манай улсын эрчим хүчний дэд бүтцийг
сайжруулах, эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилготой юм. Төслийг Европын Холбооны 8 сая еврогийн
буцалтгүй тусламж, ЕСБХБ-ны 62.8 сая еврогийн зээл, Япон зэрэг хандивлагч орны
5 сая еврогийн техникийн тусламжаар хэрэгжүүлнэ. Барилгын ажлыг 2025 онд эхлүүлж, 2027 онд дуусгахаар төлөвлөжээ.
Монгол Улсын Засгийн газар, ЕСБХБ хооронд 300 сая ам.долларын санхүүжилтийн
ерөнхий хэлэлцээрийг 2019 онд байгуулсан. Энэ хүрээнд хэрэгжих 7 төслийн нэг нь Чойр-Сайншанд чиглэлийн 220
км 220 кВ цахилгаан дамжуулах шугам сүлжээ, Чойр, Сайншанд дахь дэд станц
барих төсөл юм. Мөн Улаанбаатар-Дарханы замд нэмэлт 2 эгнээ зам барих
төсөл 90 хувьтай хэрэгжиж
байна. Түүнээс гадна Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн, Дархан-Уул
аймгийн нэгдсэн эмнэлэг барих, Улаанбаатар хотын ногоон орон сууцны, Эрдэнэт
хотын гамшигт тэсвэртэй байдал төсөл
сонгон шалгаруулалт, зураг төслийн шатанд
хэрэгжиж байгааг Сангийн яам мэдээлэв.
Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёните сэргээгдэх
эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээг нэмэх нь эдийн засгийн тусгаар тогтнолын гол
цөм бөгөөд энэ нь Монгол Улсын тогтвортой хөгжлийг дэмжихэд чиглэнэ хэмээн
онцоллоо.
Европын холбоо, Монгол Улс дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой энэ онд тохиож байна. Тус банкнаас
2006-2024 онд манай улсад нийт 2.3 тэрбум еврогийн санхүүжилтийг уул уурхай,
сэргээгдэх эрчим хүч, эрүүл мэнд, зам тээвэр зэрэг салбарт олгож, 140 төсөл, хөтөлбөрийг амжилттай хамтран хэрэгжүүлж байна.
Манай улсад оруулсан нийт
санхүүжилтийн 74 хувийг хувийн хэвшилд, 26 хувийг нь Засгийн
газартай хамтарсан төслүүдэд олгожээ.
Харин 2022-2027 онд Монголд эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, олон
тулгуурт, төрөлжсөн хувийн хэвшлийг бэхжүүлэх замаар эдийн засгийн тэсвэрлэх чадварыг нэмэх, өсөлт, хүртээмжийг дэмжихээр дэд бүтцийн холболт, бүс нутгийн
интеграцийг сайжруулах, уур амьсгалд тэсвэртэй, ногоон эдийн засгийг
хөгжүүлэхийн тулд тогтвортой эрчим хүч, дэд бүтэц, уул уурхайн салбарыг дэмжих зэрэг стратегийн
тэргүүлэх чиглэлд хэрэгжүүлэхээр
баталжээ.