“Жендэрийн тэгш байдлын элч-Монгол Энхийг сахиулагчид” төслийг эхлүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-10-18 16:45:44

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штаб, Европын холбоо “Жендэрийн тэгш байдлын элч-Монгол Энхийг сахиулагчид” төслийг эхлүүллээ.


Монголын 20 энхийг сахиулагч Европын холбооны дэмжлэгээр Словени улсад жендэрийн мэдрэмжтэй байдлыг энхийг сахиулах ажиллагаанд хангах тусгай сургалтад хамрагдах юм.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга, улс төрийн яриа хэлэлцээний хүрээнд Монгол болон Европын Холбоо нь энэ онд энхийг сахиулах, жендэрийн асуудлаар хамтарсан санаачилгыг хэрэгжүүлэхээр тохиролцсон юм. Энэ төсөл нь Европын холбоо, Монгол Улсын энх тайван, аюулгүй байдал, олон улсын эрх зүйн хамтын ажиллагааг бэхжүүлж, нийгэм, батлан хамгаалах салбарын хүрээнд жендэрийн тэгш байдлыг дэмжинэ. Төсөл нь Монгол Улс, Европын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буйгаараа онцлог юм.



Төслийн нээлтийн үеэр Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёните, “Энхийг сахиулагчид Словени улсад жендэрийн мэдрэмжийг тусгах сургалтад хамрагдана. Сургалт нь тэднийг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд төдийгүй Монголын нийгэм, аюулгүй байдал, батлан хамгаалах салбарт жендерийн тэгш эрхийн зарчмуудыг хэрэгжүүлж, өндөр түвшний стандартыг баримтлахад нь тусална” хэмээв. 


Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хошууч генерал С.Ганбямба, “Жендерийн тэгш байдал бол зөвхөн нэг салбарын асуудал биш, харин нийгэм бүхэлдээ тогтвортой хөгжин цэцэглэхэд шаардлагатай суурь нөхцөл юм. Иймд жендэрийн сургалтад хамрагдах цэргийн алба хаагчдын жендэрийн талаарх ойлголтыг гүнзгийрүүлэхээс гадна, салбарын мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, шинэ арга барил, туршлагаа солилцох чухал үйл ажиллагаа” гэлээ.



Монгол Улсын батлан хамгаалах салбар нь 2020 оноос жендерийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд тууштай хүчин чармайлт гаргаж, ЗХЖШ-ын дэргэдэх жендерийн орон тооны бус дэд зөвлөл байгуулаад байна.

Мөн энхийг сахиулах үйл ажиллагааны удирдлагын тогтолцоонд “Жендерийн офицер”-ийн орон тоог шинээр нэмж, 150 гаруй цэргийн албан хаагчийг жендэрийн тэгш байдлыг хангах, энхийг сахиулах ажиллагааны жендэрийн зөвлөх бэлтгэх, энгийн иргэдийг хамгаалах төрөл бүрийн сургалтад хамруулсныг Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газар мэдээлэв. 

 

Холбоотой мэдээ