Монгол бахархлын өдрийн барилдаанд улсын харцага Э.Даш түрүүлж, “Чингис хаан” цомын анхны эзэн болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-11-02 18:38:32

Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, өвлийн эхэн сарын шинийн нэгэн буюу Монгол бахархлын өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болж өндөрлөлөө.


2012 оноос хойш 12 дахь удаагаа зохион байгуулж буй тус барилдаан энэ жил түрүүлсэн бөхөд анх удаа Ерөнхийлөгчийн нэрэмжит “Чингис хаан” шилжин явах цом олгохоороо онцлог байв.

126 см өндөртэй, 18 кг жинтэй тус цомын эзнээр Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Хур харцага” дэвжээний бөх улсын харцага Э.Даш түрүүлж, Архангай аймгийн Хашаат сумын харьяат “Алдар” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөх улсын заан С.Сүхбат үзүүрлэлээ. Э.Дашийн хувьд энэхүү барилдаанд өмнө нь 2016, 2017 онд үзүүрлэж байсан бол гурав дахь удаагаа түрүү, үзүүрт шалгарахдаа түрүүлж байгаа нь энэ. Өөрөөр хэлбэл, долоон жилийн дараа дахин түрүү, үзүүр булаалдсан гэсэн үг. Ингэснээр тэр Ерөнхийлөгчийн нэрэмжит “Чингис хаан” цомын эзнээр тодорсон анхны бөх болж байгаа юм.


Тэгвэл их шөвөгт Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх улсын арслан Ц.Бямба-Отгон, Увс аймгийн Ховд сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Увс нуур” дэвжээний бөх улсын начин Л.Энхсаруул шалгарлаа. Ц.Бямба-Отгон арслан өнгөрсөн жилийн Монгол бахархлын өрийн барилдаанд гарди цолтойдоо түрүүлж байв.


Харин шөвгийн наймд Увс аймгийн Давст сумын харьяат улсын аварга П.Бүрэнтөгс, Завхан аймгийн Яруу сумын харьяат улсын заан М.Лхагвагэрэл, Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат улсын начин Д.Амарсайхан, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын харьяат аймгийн арслан М.Баасанжав нар шалгарлаа.


Анх удаа хүртээж буй 126 см өндөр, 18 кг жинтэй, хүрэл цутгамал, алтан шармал “Чингис хаан” цомын нүүрэн талд “Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” хэмээн монгол бичгээр бичиж, ар талд Их эзэн Чингис хааны онги тамгыг мөнхөлсөн байна. 


Цомыг уран бүтээлч, зураач, дизайнер С.Чулуунбаатар бүтээсэн бөгөөд дөрвөн зүг найман зовхист амьдран суугаа монголчууд амар амгалан, дайчин цогтой, хийморьлог байж, Монгол Улс мөнхөд оршин байх бэлгэдлийг дүрслэн урлажээ. 
















Холбоотой мэдээ