Шатрын сонирхогчдын ДАШТ-ээс долоон медаль хүртлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Грекийн Родос хотод зохион байгуулсан шатар сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөж, монголчууд долоон медаль хүртлээ.
Тодруулбал, их мастер Г.Мөнхгалаар удирдуулсан манай 27 шатарчин 1700, 2000, 2300 хүртэлх гэсэн гурван ангилалд өрсөлдөж хоёр алт, хоёр мөнгө, гурван хүрэл медалиар энгэрээ мялаажээ. Тус тэмцээнд 53 орны 245 шатарчин оюун ухаанаа уралдуулсан юм.
1700 хүртэлх чансаатай шатарчдын эмэгтэйчүүдийн ангилалд Б.Ану мөнгө, Л.Сумъяа хүрэл медаль хүртсэн. Тэгвэл U2000 ангилалд эрэгтэйчүүдээс А.Эрхэмбаяр мөнгө, Ц.Сайханчимэг алт, Д.Өнөрзул хүрэл медалийн тавцанд зогслоо. Харин U2300 ангилалд эрэгтэйчүүдээс Х.Өлзийхишиг хүрэл, эмэгтэйчүүдээс Б.Амин-Эрдэнэ алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлэв.
2023 онд уг тэмцээнээс зургаан медаль хүртсэн бөгөөд дөрвөн
алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртэж байжээ.