БАЯНХОНГОР: Дайчин чанарын мэтгэлцээний тоглоом буюу "Дуутай хуруу"
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор, 2024 оны арваннэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Монголын уламжлалт аман наадгай дэмбээтэй төстэй ч өөрийн гэсэн онцлог хэв маяг бүхий хуруу таалцах наадгайн төрлийг Баянхонгор аймгийнхан уламжлан хөгжүүлж байна.
"Дуутай хуруу" хэмээх наадгайгаар зөвхөн Сайн ноён хан аймгийн дайчин вангийн хошуу, одоогийн Баянхонгор аймгийн Эрдэнэцогт, хил залгаа орших Баян-Овоо сумынхан нааддаг онцлогтой.
Монголчууд айраг цагаа ууж, найрлаж цэнгэхдээ хүртэл ёс журам, зан заншлыг хойч үедээ өвлүүлэн зөв хүмүүжил олоход нь эерэгээр нөлөөдөг түүхэн уламжлалтай байжээ. Өөр хошуу нутагт тэр бүр байдаггүй энэхүү наадгай нь өөрийн дэгтэй. Тодруулбал, Хоёр талцан айргийн сөн тойрон суусан хүмүүс тал бүрээс нэг, нэг хүнийг тоглуулна. Тухайн хүмүүс арван хуруугаа дэлгэн 20 дотор тоог хурдан хэлж таалцах бөгөөд хоёр талын давсан хүмүүс хоорондоо хуруудсаар хожигдсон талыг айргаар баалж шахдаг байна.
"Дуутай хуруу"-г эрт дээр үеэс зуны дэлгэр цагт олноороо нийлж цугларсан үедээ наадаж наргин хуруу гарган айргаа уудаг уламжлал тогтсон бөгөөд тухайн газартаа нутагшин иргэдийн дунд одоог хүртэл олон зуун жил үе дамжин уламжлагдан ирсэн байна. Энэ нь түргэн сэтгэн бодох, хурдан хэллэгт дадлагажуулж, авхаалж самбаа сорьж, айраг уух чадавхыг ахиулдаг гэлцдэг.
Энэхүү наадгай нь сэтгэн бодох, гүйлгээ ухаан сайжруулах, сонсох мэдрэхүй хөгжүүлэх, хэл яриа уран тод хэллэг, хурц ухаан, овсгоо сүйхээнд сургадаг зэрэг олон онцлог давуу талтай. "Дуутай хуруу"-гаар наадахдаа нүдний хараа 20 хуруунаас гарч буй тоог хараад, маш түргэн хугацаанд тогтоох ёстой байдаг байна. Хоёр тал гаргасан хуруугаа хараад бодоод суух биш маш шуурхай сэтгэн харилцан таалцдаг дайчин чанарын мэтгэлцээний тоглоом юм.
Мөн тус аймагт "Дуутай хурууны холбоо" байгуулсан бөгөөд эрт дээр үеэс уламжлан ирсэн соёлын биет бус өвийг хойч үе, хүүхэд залуучууддаа өвлүүлэх, улмаар нийтийн хүртээл болгон түгээн дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.