АНУ-ын иргэн, гэр бүлд үрчлүүлсэн хүүхдүүдтэй уулзжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Гадаадын иргэн, харьяатын газар нь Монгол Улсын харьяат хүүхдийг олон улсын гэрээ, хууль тогтоомжийн хүрээнд гадаадын иргэнд үрчлүүлэх шийдвэр гаргах, үрчлэлтийн дараах хяналтыг тогтмол хэрэгжүүлэх чиг үүргийг хариуцан ажилладаг.
Энэ хүрээнд “Холт Интернэшнл” олон улсын байгууллагатай хамтран АНУ-ын иргэн, гэр бүлд үрчлэгдсэн Монгол Улсын харьяат хүүхдүүдийн амьдрал, нөхцөл байдалтай танилцах уулзалтыг Чикаго хотод зохион байгуулжээ. Уулзалтад Гадаадын иргэн, харьяатын газрын Захиргаа, удирдлагын газрын дарга И.Баатархүү, Иргэний харьяаллын газрын дарга Г.Билэгт, “Холт Интернэшнл” байгууллагын Монгол Улс, БНСУ дахь төсөл хөтөлбөрүүдийн захирал Пол Ким болон Чикаго хот орчимд амьдарч буй, үрчлэгдсэн хүүхдүүд эцэг эхийнхээ хамт оролцсон байна.
Энэ үеэр үрчлүүлсэн хүүхдүүдийн ахуй амьдрал, сурч боловсорч буй орчин, нөхцөлтэй танилцжээ. Эдгээр хүүхэд нь эрүүл, аюулгүй орчинд өсөж, хүмүүжиж, өндөр боловсрол эзэмших, сурч хөгжих бүхий л боломжоор хангагдан амьдарч байна. Тухайлбал, үрчлэгдсэн хүүхдүүдийн зарим нь Висконсин-Мэдисоны их сургууль, Деполын их сургууль зэрэг нэр хүндтэй сургуулиудад нийлүүлэлтийн сүлжээ, логистик, урлагийн сэтгэл засал, гадаад харилцаа, маркетинг, санхүүгийн чиглэлээр суралцаж байна.
Тэд ирээдүйд хоёр орны найрамдалт харилцааны гүүр болж, эх орныхоо хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулах хүсэл эрмэлзэлтэй байгаагаа уулзалтын үеэр онцолж байжээ.