Ж.Чимэдцэрэн: Удаан ажиллахын тулд хамт олон хамгийн чухал

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-12-05 10:38:08

Зуунмод, 2024 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Эгэл амьдрал, энгийн хүмүүн л хамгийн аз жаргалыг мэдрүүлдэг гэж хэлээд мишээн суух Төв аймгийн Зуунмод сумын Дэгдээхий цэцэрлэгийн ахлах бүлгийн багш Жамьянжавын Чимэдцэрэнтэй ярилцаж, нэг өдөр нь яаж өнгөрдөг талаар хуучиллаа.




-Таны ажлын нэг өдөр хэрхэн өрнөдөг талаар ярилцлагаа эхлэх үү?

-Тэгье ээ. Би 08.00 цагт ажил дээрээ ирээд хүүхдүүдийнхээ ам зайлах усыг нь бэлдэж тавьдаг. Ингээд л 8 цаг 20 минутаас эхний хүүхдүүд минь ирнэ. Маш шахуу цагийн хуваарьтай, хүүхдүүд уйдах завгүй л сурдаг. Ирээд найзуудтайгаа мэндлэх, нүүр, амаа зөв угаах, цайгаа уух гээд өглөөний төлөвлөгөөт ажлууд эхэлж байгаа юм. Дараа нь steam хөтөлбөрийн дагуу хүүхдүүдийн төсөөлөн бодох чадварыг хөгжүүлж, бүтээлч даалгавруудыг хийдэг. Үүний дараа мөн цайгаа уугаад үлгэр сонсож, үлгэрийн дүрээ өөрсдийн гараар урлана. Өдрийн хоолны цагаар жижүүрүүд нь аяга, тавгаа бэлтгээд бүгд хоолоо идэж эхлэх бөгөөд үүний дараа их унтлагын цаг болно. Ингэх бүрдээ хүүхдүүд шүд, гараа сайтар угаадаг. Үдээс хойш шинэ дуу, шүлэг, бүжиг сурч, цаг явсныг ч анзаарах завдал өгөлгүй тарах цаг болсон байдаг.



-Ажлын тань давуу тал юу вэ? 11 жил Дэгдээхий цэцэрлэгт ажиллажээ. Таны ажиллах урам зориг юу байдаг талаар хуваалцвал?

-Миний ажлыг өнгөөр зүйрлэвэл цагаан өнгө юм. Юу ч бичээгүй цаас шиг, мөр гараагүй цас шиг тийм л ариухан, цайлган ертөнц учраас, нөгөө талдаа энд хэн ч, хэнийг ч дорд үзэхгүй, муу муухай зүйлс харахгүй тийм л сайхан байдаг. Хоногийн 24 цагийн 10 цагт нь шавь нартайгаа хичээл номоо хийж өнгөрүүлдэг. Мөн хамт олон минь хүүхдүүдтэй харилцдаг ажил хийдэг учраас өөрсдөө ч хүүхдүүд шиг сэтгэл хөдлөлтэй, эерэг хүмүүс байдаг. Удаан ажиллахын тулд хамт олон хамгийн чухал.



-Орон нутагт ажиллахын давуу талыг та юу гэж боддог вэ? Мөн нийгмийн баталгааг тань ямар байдлаар хангавал дээр вэ?

-Цэвэр агаарт эрүүл, амар амгалан тайван амьдарч байгаа нь үнэхээр таатай байдаг. Түгжрэлгүй учраас бухимдал бага, олон улсын төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж хүүхдийн оюун ухаан, сэтгэхүйг хөгжүүлэхэд давуу тал ихтэй санагддаг. Мөн орон нутагт ажиллаж байгаа багш нар 5 жил тутамд тэтгэлэг авдаг байсан бол 3 жил тутамд авдаг болсон нь ажиллахад маш их урам өгдөг. Орон нутагт ажиллаж, амьдарч байгаа багш нарт байр орон сууц нэгдүгээрт байх асуудал юм. Цагдаагийн хотхон, цэргийн хотхон гэдэг шиг орон нутагт ажиллаж байгаа багш нарыг дэмжсэн хотхон бий болоосой гэж хүсдэг.



-Шантрах үе гарч байсан уу? Тийм үед яаж тухайн нөхцөл байдлаасаа холдож байсан бэ?

-Бага бүлэг авах үед их шантардаг байсан. Хэл амаараа ойлголцож чадахгүй хүүхдүүд их байдаг учраас аяга угаах, үс самнах зэрэг ажлын үеэр тоглоомоо булаацалдах, бие биесээ маажих, хазах асуудлууд гарна. Энэ үед өөрсдөө гэм хийсэн юм шиг л мэдрэмж авдаг. Эцэг, эхэд нь юу гэж хэлнэ гэж бодохоос хүртэл халширдаг, загнуулж, муухай үгээр хэлүүлэх үедээ үнэхээр дэмий энэ ажлыг хийсэн байна гэж бодох үе ч байдаг байлаа. Одоо бол туршлага суугаад, ямар үед юу хийхээ ойлгодог болсон. Хамгийн чухал зүйл нь эцэг эхчүүдтэйгээ ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй.



-Цэцэрлэгийн багш мэргэжлийг эзэмших таны зорилго мөн байсан уу?

-Үнэнийг хэлэхэд миний хүссэн мэргэжил биш байсан. Би урлагийн хүн болох хүсэл эрмэлзлээр дүүрэн охин байлаа. Шалны модоо бариад л дуулж, бүжиглэнэ, ангидаа жүжиглэнэ. Ээж минь тухайн үед намайг урлагийн хүн болохыг дэмжээгүй. Ингээд Монгол Улсын Боловсролын их сургуулийн тухайн үедээ Цэцэрлэгийн багшийн их сургуульд элсэн суралцахыг зөвлөсөн. Тухайн үедээ миний хүссэн зүйл мөн эсэхэд эргэлзэж 2 жилийн чөлөө авсан. Ингээд л би үүнийг хийх ёстой юм байна гэж бодож итгэлтэй болсон. Анхны ажил Яармагийн 73 дугаар цэцэрлэгээс эхэлсэн. Гэр минь Шархад орчимд байсан учраас өглөө 7:00 цагт ажилдаа ирэх, орой буцаад гэрлүүгээ харих хүндрэлтэй байсан тул 1 сар ажиллаад ажлаасаа гарсан. Дараа нь Баянзүрх дүүргийн 6-р цэцэрлэгт 2008-2009 он хүртэл ажиллаж байгаад нөхрийн томилолтоор Төв аймгийн Баянцогт сум явах шаардлага үүссэн. Баянцогт сумын цэцэрлэгт 3 жил ажиллаад Зуунмод сум руу шилжин ирж энэхүү Дэгдээхий цэцэрлэгт өнөөдрийг хүртэл ажиллаж байна.



-Гэр бүлдээ болон өөртөө цаг зарцуулж амждаг уу?

-Өдөржин ажлаас гарах боломжгүй байдаг учраас бага хүүгээ хөршдөө найдаж үлдээдэг. 3 охин маань биеэ даагаад, бие биесээ дагаад гэртээ харьчихдаг. Харин хамгийн их ээж хэрэгтэй цаг оройн цагаар ажил тарсны дараа байдаг. Зарим эцэг, эхчүүд оройтож ирсэн тохиолдолд тарах цаг хойшилдог. Энэ үеэр ямар хоол хийх талаар, ирж байгаа эсэхийг асууж минут алгасахгүй залгана. Оройн цагаар охидтойгоо ярилцаж, найз шиг нь байхыг эрхэмлэдэг. Амралтын өдрүүдээр юу хийх талаар гэр бүлийн бүх гишүүний хүслийг сонсож байгаад аль боломжтойг нь хамт хийдэг. Ажлын өдрүүдээр бичиг, цаасны ажил их үед маш их оройтож гэртээ харина. Гэрт ямар нэгэн асуудал гарахад түгжрэлгүй учраас түргэн хугацаанд яваад оччих учраас амар байдаг.



-Залуу багш, эцэг эхчүүдэд хандаад хэлэхийг хүсдэг зүйл байдаг уу?

-Энэ талаар маш их бодож явдаг зүйлээ хэлэх болсон доо туйлын их таатай байна. Залуу багш нар маань ажилдаа сэтгэлээсээ хандахгүй мөртлөө цалингаа голдог. Уг нь сэтгэлээсээ хандаад, түүнийхээ хариуд сэтгэлийн таашаал, ханамжийг мэдэрч чаддаг байгаасай гэж бодох юм.


Харин эцэг эхчүүдэд хандан хэлэхэд хүүхэд ямар орчинд өснө түүнийгээ дуурайдаг. Үлгэрлэхдээ зөв боловсон эелдэг хүндэтгэлтэй харилцаарай. Та эелдэг хүүхдийг хүсч байвал хаана ч, хэний ч хажууд эелдэг бай. Ууртай хүнээс ууртай хүүхэд юмуу аймхай, өөртөө итгэлгүй хүүхэд л бий болно. Иймд ямар хүмүүжилтэй хүүхэдтэй болохыг хүсэж байна эцэг, эхчүүд өөрсдөө тийм байхыг хичээгээрэй. Бас эцэг, эхчүүд хүүхдүүдтэйгээ өхөөрдөж яриад үгийн баялаггүй, хэлтгий болох асуудлууд сүүлийн үед их болсон. Иймд хүүхдүүдтэйгээ заавал ярилцаж үг хэллэгт нь анхаарал хандуулж байгаарай гэж хэлэх байна. 

-Ярилцсанд баярлалаа. 

Холбоотой мэдээ