XVIII-XX зууны урчуудын урласан шилдэг бүтээлүүдээр үзэсгэлэн нээлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Монгол Улсад Орчин цагийн музей үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулан Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгөөс “Шилдэг бүтээлийн дээжис” тусгай үзэсгэлэнг өнөөдөр нээлээ.
Үзэсгэлэнг тус музейн сан хөмрөгөөс урьд өмнө төдийлөн дэлгэж
байгаагүй хосгүй үнэт болон ховор нандин үзмэр цуглуулгаар дамжуулан түүх,
соёлын өв, урлагийн түүхийг олон нийт, хүүхэд залууст сурталчлан таниулах зорилгоор
нээж буйгаараа онцлог юм.
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн захирал,
Урлаг судлалын ухааны доктор П.Байгаль хэлэхдээ, “Монгол Улсад Орчин цагийн
музей үүсэж хөгжсөний 100 жилийн түүхэн ойн хүрээнд музейн салбарынхан жилийн
турш олон үйл ажиллагааг зохион байгуулсан. Үүний томоохон нь манай музейгээс гаргаж буй “Шилдэг бүтээлийн
дээжис” тусгай үзэсгэлэн юм. Үзэсгэлэнд музейн сан хөмрөгөөс үзмэрийн танхимд өмнө
нь дэлгэж байгаагүй 64 дэсийн 189 ширхэг буюу 364 иж бүрдэл үзмэрийг толилуулж
байна. Үзмэрүүд дотроо дүрслэх урлагийн маш олон төрлийг агуулсан. Шүтээн
болон торгон зураг, уран дархны бүтээлүүд дотроо цутгамал, хөөмөл, эмэгтэйчүүдийн
алт мөнгөн гоёл зэрэг өргөн агуулгатай бүтээлүүдийг дэлгэснээрээ онцлогтой. Мөн
Өндөр гэгээн Занабазарын дэг хийц сургуулийн бүтээлүүдээс гадна Энэтхэгийн 84
шидтэний үлгэрийг дэлгэн үзүүлж байна. Энэ нь түүхэн талаасаа онцлог үзмэр” гэдгийг
тодотгов.
Энэхүү үзэсгэлэнд XVIII-XX зууны үед хамаарах дүрслэх
урлагийн олон төрлөөр бүтээсэн Занабазарын хийц болон дэг сургуулийн бүтээл,
шүтээн болон монгол зураг, барлах урлаг, торгон зураг, баримал, цутгуур, цамын
баг, хот мандал, тоглоом наадгай зэрэг монголчуудын урлахуй ухааныг шингээсэн
дахин давтагдашгүй ур хийц, дүр дүрслэл бүхий үе үеийн шилдэг урлаачдын бүтээл
болох 200 орчим үзмэрийг цогц байдлаар дэлгэжээ. Тухайлбал, XIX зуунд нэр нь үл
мэдэгдэх бүтээгчийн урласан Жанхорууд,
сангийн бойпор, бурхдын унаа хүлэг/зэс хөөмөл баавгай, морь, арслан, гахай/ шүр,
оюугаар чимэглэж урласан монгол эмэгтэйн толгойн гоёл, модон авдар, хүрэл цутгуур,
алтан шармал Аюуш бурхан, суварга, Сэндомын баг, Жанрайсиг, цутгамал болон
баримал бурхад, шавар, ингэмэл бурхад зэргийг энэхүү үзэсгэлэнгээс үзэж
сонирхох боломжтой.
VIII-XII зуунд амьдарч байсан билгэ оюун ухаан, бяслагалын
өндөр түвшинд хүрч, шид бүтээлийг олсон их бүтээлчин буюу 84 шидтэний намтрыг
харуулсан цуврал зургуудаас нийт 38 бурхан зураг тус музейд хадгалагдаж байна.
Тус бүтээлүүд эртний Энэтхэгийн алдарт шид бүтээлийг олсон шидтэнүүдийн цадиг
түүх, ном сургаалыг онцгой хачин жигтэй дүрээр илэрхийлэн бүтээжээ. Цуврал
зургийн эрэмбэ дугаарыг төвөд үсгээр тэмдэглэн 84 шидтэний цадиг түүхийг
өгүүлэн зохиомжлон бүтээжээ.
Үзэсгэлэн Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд 2025 оны 1 дүгээр сарын 7-ныг хүртэл олны хүртээл болно.