ТӨВ: Шатар сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээд улсын чансаатай тамирчид өрсөлдөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-12-16 10:39:45

Зуунмод, 2024 оны арванхоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ буюу аймгийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 13-нд боллоо.


Тэмцээнд 15 сумаас эхний шатанд амжилттай оролцож шалгарсан 25-аас дээш насны эрэгтэй 23, эмэгтэй 7 нийт 30 оюуны спортын тамирчид өрсөлдсөн юм.


Эрэгтэйчүүд швейцар системээр долоон өрөг тоглох бол эмэгтэйчүүд тойргийн системээр 6 өрөг тоглоод, 2 эрэгтэй, 1 эмэгтэй тамирчин Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авах юм.


Энэхүү тэмцээнд улсын чансаатай тамирчид өрсөлдөж байгаа нь онцлогтой байна. Тэр ч утгаараа чансаа өндөртэй тэмцээн болж байгаа талаар зохион байгуулагчид онцлов. Тэмцээний шүүгчээр улсын шүүгч ажиллаж байгаа бөгөөд хоёр өдөр үргэлжилнэ. 


Швейцарь систем шатрын спортод маш түгээмэл байдаг. Хасагдахгүй тэмцээн бөгөөд хоёрдугаар шатнаас эхлэн хосуудыг онооны тоогоор хуваарилдаг. Тухайлбал, ижил тоотой тоглогчтой таарах зарчимтай юм. Тойргийн тоглолт гэдэг нь тэмцээнд тоглогч бүр тоглох ёстой бөгөөд хамгийн хүчтэй шатарчныг тодруулдаг байна. 


Холбоотой мэдээ