ТӨВ: “Хүүхэд эрдэнэ” төсөлд 250 хүнийг хамруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-12-19 17:20:45

Зуунмод, 2024 оны арванхоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. “Хүүхэд эрдэнэ” төслийн хүрээнд "Арт терапи Зуунмод" зурган сэтгэл заслын хөтөлбөр 2024 оны 7 дугаар сарын 21-нээс 12 дугаар сарын 1-ний хооронд хэрэгжүүлж, өнөөдөр хаалтаа хийлээ.


Тус хөтөлбөрийн хүрээнд Канвас арт, Коллаж терапи, Сараачмал, Хөдөлгөөнт байшин, мод, хүн гэх зурган сэтгэл засалд 250 хүнийг хамруулжээ.


Эдгээр хүмүүс канвас бэлдэц дээр өөрийн хүссэн зургийг зурж, тухайн зургандаа дүн шинжилгээ хийлгэсэн бөгөөд мэргэжлийн сэтгэл зүйчид ажиллаж, ганцаарчилсан зөвлөгөө өгч байснаараа онцлог байв.


Хөтөлбөрийн үеэр хүүхэд, залуус, гэр бүлийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлж, бүлгийн уур амьсгал, хосын харилцааг сайжруулах, стресс тайлах, тайвшрах, сэтгэл зүйн зөвлөгөө өгч байв.


Хөтөлбөрт хамрагдсан иргэн А.Тунгалагаас сэтгэгдлийг тодруулахад, "Гэр бүлийнхээ харилцааг сайжруулахаар энэхүү хөтөлбөрт хамрагдаж үзсэн. Зурж чаддаггүй хэдий ч өөрийн дотоод ертөнцдөө юу бодож байгаагаа ил гаргаж ирж чадна гэж огт бодоогүй, их айдастай ирсэн. Гэхдээ ирээд суусан чинь өөрийн эрхгүй л зурж чадаад байдаг юм байна. Түүнээс гадна зурсан зургаар минь сэтгэл зүйн зөвлөгөө өгнө гэж огт бодоогүй үнэхээр төсөөлөөгүй үр дүн гарсан. Богино хугацаанд гэр бүлийн уур амьсгал сайжран, стрессээ тайлж, тайвшрах боломж бий болсон нь сайхан байна" гэв.

 

Холбоотой мэдээ