ДУНДГОВЬ: Бэлчээр усжуулалтыг 0,9 хувиар нэмэгдүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-12-25 11:31:21
altantogos

Мандалговь, 2024 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ХХААГ-ын мэдээлснээр тус аймгийн хэмжээнд 2024 онд нийт 61500 га бэлчээрийн талбайг усжуулж, бэлчээр усжуулалтыг 0,9 хувиар нэмэгдүүлжээ.


Одоогийн байдлаар тус аймгийн хэмжээнд 6,832.0 мянган га бэлчээрийн талбайд 3625 худаг ашиглаж, нийт бэлчээрийн талбайн 51,9 хувь нь усжуулалтаар хангагдсан байна. Үүнээс өрөмдмөл худаг 758, богино яндантай 17, бетонон хашлагатай буюу энгийн уурхайн 2850 худаг байна.


2024 онд Улсын төсвийн 94,9 сая төгрөгийн санхүүжилтээр Өлзийт, Сайнцагаан, Сайхан-Овоо суманд инженерийн хийцтэй 3, Орон нутгийн хөгжлийн сангийн 660,0 сая төгрөгийн санхүүжилтээр Адаацаг, Баянжаргалан, Гурвансайхан, Дэлгэрхангай, Өлзийт, Сайнцагаан, Сайхан-Овоо, Хулд, Эрдэнэдалай суманд инженерийн хийцтэй 12 худаг, 16 цооног, мөн Орон нутгийн хөгжлийн сангийн 52,5 сая төгрөгийн санхүүжилтээр Дэлгэрхангай, Хулд, Эрдэнэдалай суманд энгийн уурхайн 13 худаг сэргээн засварлажээ.


Түүнчлэн Адаацаг, Луус, Сайхан-Овоо, Эрдэнэдалай сумын малчид 173,0 сая төгрөгийн санхүүжилтээр инженерийн хийцтэй 3 худаг, 7 цооног, Баянжаргалан, Дэлгэрцогт, Сайхан-Овоо, Эрдэнэдалай сумын малчид 23,8 сая төгрөгийн санхүүжилтээр 16 энгийн уурхайн худаг сэргээн засварласан байна. 

Холбоотой мэдээ