ДУНДГОВЬ: Сургууль, цэцэрлэг, сургалтын байгууллагын үйл ажиллагааг түр хязгаарлав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬМандалговь, 2024 оны арванхоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Засаг даргын шийдвэрээр сургууль,
цэцэрлэг, сургалтын байгууллагын үйл ажиллагааг түр хугацаагаар хязгаарлалаа.
Тодруулбал, аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний
халдварын тархалт нэмэгдэж, дэгдэлтийн түвшинд хүрсэнтэй холбогдуулан сургууль,
цэцэрлэг, хүүхдийн сургалтын байгууллага, өдөр өнжүүлэх төвүүдийн үйл
ажиллагааг энэ оны 12 дугаар сарын 26-наас 2025 оны 1 дүгээр сарын 11 хүртэл хязгаарлажээ.
Энэ хугацаанд тав хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт болон
гэрээр асарч байгаа эцэг эх, асран хамгаалагчдад ажлын цагийн уян хатан
нөхцөлөөр боломж олгохыг аж ахуйн нэгж, албан байгууллагын удирдлагуудад үүрэг
болгосон байна.
Уг захирамжаар сургууль, цэцэрлэг ажиллахгүй учраас бага
насны хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байх, болзошгүй осол гэмтэл, эрсдэлээс
сэргийлэхийг эцэг эх, асран хамгаалагч, иргэдэд уриалжээ.