Гүржийн шинэ Ерөнхийлөгч тангараг өргөжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРТБИЛИСИ, 2024 оны арванхоёрдугаар сарын 30 /Reuters/. Гүржийн шинэ Ерөнхийлөгч Михаил Кавелашвили ням гарагт тангараг өргөжээ. Ерөнхийлөгчийн сонгуулийг луйвардсан гэж сөрөг хүчнийхэн мэдэгдэж буй үед уг ёслолын ажиллагаа боллоо.
Барууныхныг хатуу шүүмжилдэг, “Манчестер Сити” клубийн тоглогч асан М.Кавелашвили парламентын танхимд болсон ёслолын үеэр ерөнхийлөгчийн тангараг өргөжээ. Өдгөө 53 настай тэрбээр Библи судар болон Гүржийн Үндсэн хууль дээр гараа тавиад "улс орныхоо эрх ашгийн төлөө хүчин зүтгэнэ" гэдгээ тангарагласан байна.
М.Кавелашвили
тангараг өргөснийхөө дараа хэлсэн үгэндээ, эх
орон, ёс уламжлалаа
хамгаалахын төлөөх олон тэмцлийн дараа
энх тайван гэдэг нь Гүржийн ард
түмний гол зорилго, үнэт зүйл хэвээр байгааг бидний түүх тодорхой харуулж байна гэлээ.
Харин халаагаа өгч буй Ерөнхийлөгч Саломе Зурабишвили ерөнхийлөгчийн ордны гадаа дэмжигчиддээ хандан үг хэлэхдээ, шинэ ерөнхийлөгч сонгогдсон үйл явцыг хууль бус гэж мэдэгджээ. Тэрбээр Европын Холбоонд /ЕХ/ элсэхийг дэмжигч олон мянган жагсагчид хандан “Миний бие хууль ёсны цорын ганц ерөнхийлөгч хэвээр байна. Би ерөнхийлөгчийн ордныг орхиж, хууль ёсны эрх мэдэл, төрийн далбаа, ард түмний итгэл найдварыг тээн та бүхэнтэй хамт жагсана” гэж хэллээ.
Өнгөрсөн 10 дугаар сард болсон парламентын сонгуульд эрх баригч “Гүржийн мөрөөдөл” нам нийт сонгогчдын 54-өөс дээш хувийн санал авснаас хойш хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан тус улсад улс төрийн үймээн самуун дэгдээд байгаа юм. Жагсагчдын зүгээс Гүрж улсыг Оросын нөлөөнд оруулж, ЕХ-нд элсэх гэсэн гүржчүүдийн хүсэл эрмэлзлийг мохоож байна хэмээн эрх баригч намыг буруутгасаар байна.
Эсэргүүцлийн жагсаалын
үеэр 400 гаруй хүнийг баривчилсан бөгөөд олон жагсагч өөрсдийг нь зодсон гэж хууль сахиулагчдыг буруутгажээ. ЕХ-нд элсэхийг дэмжиж буй жагсагчдыг шахан хавчсаны хариуд
АНУ, Их Британи улсууд
Гүржийн Засгийн газрын өндөр
албан тушаалтнуудын эсрэг хориг арга хэмжээ авсан байна.