Авто машины улсын дугаарын захиалгыг энэ сарын 15-наас авна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Тээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлт илгээх carplate.ulaanbaatar.mn цахим систем энэ сарын 15-наас иргэдээс захиалгыг албан ёсоор авч эхэлнэ.
Тус цахим системийг өнгөрсөн сарын 30-нд нээсэн бөгөөд иргэд, аж ахуйн нэгж захиалга эхлэх хүртэл цахим системтэй танилцаж, өөрийн холбогдох мэдээллээ шалгаж, нягтлах боломжтой аж. Иргэд дугаар авах тээврийн хэрэгслийн арлын дугаарыг оруулснаар тодорхой шалгуураар таны тээврийн хэрэгслийг 100 хүртэл оноогоор үнэлж, эрэмбэлнэ. Энэ эрэмбээр улсын дугаар олгох дээд тоонд барьж, улсын дугаарыг өгөх юм.
Хамгийн гол нь иргэд улсын болон олон улсын чанартай авто зам ашигласан төлбөр болон Улаанбаатар хотоос орсон, гарсан ямар нэг өр төлбөргүй байх ёстой гэсэн үндсэн шалгуурыг биелүүлэх хэрэгтэйг албаныхан санууллаа.
Мөн Улаанбаатар хотод бүртгэлтэй нийт тээврийн хэрэгслийн тухайн өдрийн статистикийг тээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлт илгээх “Carplate” цахим системээс харах боломжтой юм.