Улс орноо эв найртай хөгжүүлэх үндсийг Үндсэн хуулиар тавьсан нь
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ-Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт-
Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан, Хууль зүйн шинжлэх ухааны доктор /Sc.D/, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор Ц.Сарантуяа, Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан, Монголын хуульчдын холбооны Үндсэн хуулийн хорооны тэргүүн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн нийтийн эрх зүйн тэнхимийн зөвлөх профессор, доктор Ш.Цогтоо, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд асан, доктор PhD, профессор В.Удвал нар "Үндсэн хууль"-ийн талаар ийнхүү өгүүлж байна.
-Монголчууд анхны Үндсэн хуулиа баталсны 100 жилийн ойг 2024 онд тэмдэглэсэн. Ардчилсан шинэ Үндсэн хууль /4 дэх Үндсэн хууль/-ийг 1992
онд баталсан. Энэ 2 Үндсэн хуулийн уялдаа холбоо болон онцлог талыг та хэрхэн үздэг вэ?
Ц.Сарантуяа:-Монгол Улс нэгэн зууны тэртээ төрийн удирдлагын Бүгд найрамдах хэлбэрийг сонгон авч анхдугаар Үндсэн хуулиа баталсан. 1924, 1940, 1960 оны Үндсэн хуулиуд нь тухайн үеийнхээ нийгмийн харилцааны үндэс, мөн иргэн, төр хоёрын харилцааг зохицуулж байснаараа орчин үеийн суурь хуулийн хэв шинжийг агуулдаг. Мөн түүнчлэн бүтэц, логикийн хувьд аль аль нь нэгдмэл систем бүхий баримт бичгүүд байсан нь бичмэл үндсэн хуульд тавигдах нийтлэг шаардлагад нийцдэг. Үүгээрээ дээрх тулгуур гурван хууль Монголын орчин цагийн эрх зүйн хөгжилд ихээхэн хувь нэмэртэй байсан.
Ардчилсан Үндсэн хуулийг 1992 онд батлахаас өмнө Монголд шүүхийг
төрийн бие даасан эрх мэдлийн түвшинд авч үздэггүй байлаа. Төрд үнэнч
байх нь тэр үед шүүх хараат бус байх, шударга ёс ялан дийлэх, зөрчигдсөн эрхийг
сэргээн эдлүүлэх тухай асуудлаас илүү чухалд тавигдсан байжээ. 1924 оны Үндсэн
хуульд л гэхэд шүүгч, шүүхийн тухай зохицуулалт огт байгаагүй. Гэхдээ 1940
болон 1960 оны Үндсэн хуульд шүүх ба прокурорын газар байгууллагын тухай бие
даасан бүлэгтэй болсон ч шүүгчдийг улсын Бага Хурал, хот ба аймгийн бага
хурлуудаас, хожим нь Ардын Их Хурал болон аймаг, хотын ардын депутатуудын
хурлаас цөөн жилийн хугацаагаар сонгодог болсон. Мөн дээд шүүх нь Ардын Их
Хурал ба түүний Тэргүүлэгчдэд ажлаа хариуцан тайлагнах үүрэгтэй байхаар
зохицуулсан.
Энэ үед шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлын тухай ойлголт сонгодог утгаараа төлөвших, аливаа хэрэг, маргааныг хараат бусаар шийдвэрлэх нөхцөл бүрдэх нь өнөө үетэй харьцуулахад илүү хязгаартай байжээ. Мөн үндсэн хуулийг төрийн хамгийн дээд хүчин чадалтай хууль гэж хүлээн зөвшөөрдөг байсан ч хэрэгжилтийг нь хангах, шүүхийн журмаар хамгаалах асуудлыг огт ярьдаггүй байв.
Үндсэн хуульд хандах, түүнийг ойлгох, хэрэгжүүлэх явдал 1992 он хүртэл хэрэглээний гэхээс илүү хийсвэр онолын буюу номлох түвшинд байжээ.
Харин шинэ Үндсэн хуулиар зах зээлийн эдийн засаг, өмчийн олон хэлбэр, олон ургалч үзэл, эрх чөлөөг хүлээн зөвшөөрч хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгмийг бий болгох зорилго дэвшүүлсэн. Үүгээрээ 1992 оны Үндсэн хуулийн Хоёрдугаар бүлэгт заасан бүх эрх, эрх чөлөө нь Монгол Улсын нутаг дэвсгэрт бодит байдалд хэрэгжих үүд хаалга нээгдсэн. Мөн нөгөө талаас хүний эрх, эрх чөлөөг хамгаалах урьдчилсан нөхцөлийг бүрдүүлэхийн тулд төр нь өөрөө үйл ажиллагаагаа Үндсэн хуульд заасан эрх хэмжээний хүрээнд явуулж, түүнд заасан эрх мэдлийн хуваарилалт, хязгаарыг зөрчихгүй байх дараагийн нэг утга санаа уг хуулийн онцлогийг тодорхойлдог. Энэ бүхэн нь 1992 оны Үндсэн хуулийг төрийн дээд хууль гэж зөвхөн нэрлэх төдий бус, харин бодит амьдралд үйлчилдэг хууль болгох эх үндсийг тавьсан.
Ш.Цогтоо:- Юуны урьд, Үндсэн хууль бол улс төр судлал, философи,
түүх судлал, математик зэрэг хэд хэдэн шинжлэх ухааны уулзварт оршиж
тайлбарлагддаг өвөрмөц судлагдахуун гэдгийг хэлэх нь зүйтэй.
Оросоор конституция, англиар constitution гэх шинжлэх ухаанч суурь судлалыг бүрдүүлдэг араг яс нь Хууль тогтоох эрх мэдэл, Гүйцэтгэх эрх мэдэл, Шүүх эрх мэдэл гурав мөн тул Үндсэн хуулийн анхны үзэл санаа 1911 оны Олноо өргөгдсөн монгол улсын гүйцэтгэх эрх мэдлийн таван яам, дээд доод хоёр хурлаас эхлэлтэй гэж үзэж болно. Үүнийг судлаач Цэвээн Жамсранов, доктор (Sc.D), профессор Ж.Цэцэгмаа нарын судалгаа баталдаг.
Монгол Улс Үндсэн хуулиа 1924 онд баталсан нь олон улсын хэм хэмжээнд нийцсэн, бие даасан, бүрэн эрхт (независимость-independent) улс болохоо харуулсан юм. Гэхдээ 1924-1960 оны Үндсэн хуульд тусгагдсан улс төрийн сонгох ба сонгогдох эрх нь нэгэнт тогтсон нэг намын тогтолцоон дахь бүх нийтийн санал хураалтын шинж чанартай байсан бөгөөд иргэд өөр өөрсдийн улс төрийн чиг баримжааны жинхэнэ сонголт хийж чаддаггүй байсныг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэрчлэн өмнөх ах дүү гурван Үндсэн хуульд орчин үеийн мэт санагдах олон эрх бий. Тухайлбал, үг хэлэх, хэвлэн нийтлэх, хурал цуглаан хийх, жагсаал ёслол үйлдэх, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн адил тэгш эрхтэй байх, ажил, амралтын дээд хязгаарыг 8 цаг байхаар тогтоох зэрэг позитивист эрх зүйн хэм хэмжээг хуулиар олгосон. Гэвч эдгээр эрхийг зорилгоос нь хамааруулан хязгаарласан байх жишээтэй.
Харин 1992 онд батлагдсан ардчилсан Үндсэн хууль ёсоор улс төрийн ардчилсан дэглэмд суурилсан шинэ удирдлага зохион байгуулалтыг төлөвшүүлэхийн төлөөх он жилүүд гэж Монгол Улсын сүүлийн 30 гаруй жилийг ерөнхийд нь тоймлон үзэж болно.
В.Удвал: Монголчууд 1924 онд баталсан Үндсэн хуулиа 1940, 1960 онуудад шинэчлэн өөрчилж байсан түүхтэй. Нийгмийн өөрчлөлт, шинэчлэлийн үзэл санааг тусгасан нэмэлт, өөрчлөлтийг 1960 оны Үндсэн хуульд 1990 онд оруулж, өмнөх Үндсэн хуулиудын үнэт зүйл, үзэл баримтлал, зарчмыг өөрчилж эхэлсэн юм. Тухайлбал, 1990 оны 3 дугаар сарын 23-нд БНМАУ-ын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар 1960 оны Үндсэн хуулийн 10 гаруй заалтад нэмэлт, өөрчлөлт орсон бөгөөд оршил хэсгээс “БНМАУ-ын төр нийгмийг удирдан чиглүүлэгч хүч бол бүхнийг ялагч марксист-ленинист онолын томьёоллыг хасаж, 82 дугаар зүйлийг өөрчлөн найруулсан байдаг. Энэ зүйлд “БНМАУ-ын иргэд хүмүүнлэг, ардчилсан социалист нийгэм байгуулах зорилт, ард түмнийхээ язгуур эрх ашиг, эв нэгдэлд нийцсэн нарийн хөтөлбөр, дүрэм бүхий улс төрийн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдэх эрхтэй” гэсэн найруулгыг хийж, олон ургалч үзэл бүхий нам, олон нийтийн /иргэний нийгмийн/ байгууллагууд улс орноо эв найртай хөгжүүлэх үндсийг тавьсан.
Эдгээр үзэл санаа 1992 оны үндсэн хуулиас тод уншигдаж байгаа. Энэ нь 1911-1924 онуудад дэлхий нийтийн Үндсэн хуульт ёсны чиг хандлагыг монголчууд эрэлхийлж байсантай адил, тэр л асуудлын давхцлыг бий болгодгийг бид харж байна.
-Ардчилсан шинэ Үндсэн хуулийн төслийг 1991 онд боловсруулжээ. Уг хуулийг боловсруулах явцад ямар ямар судалгаа хийсэн байдаг вэ?
Ц.Сарантуяа:- Энэ үед “Үндсэн хуулийн төсөл, Монгол Улсын
хөгжлийн чиг хандлага” сэдэвт үндэсний хэмжээний онолын бага хурлыг зохион
байгуулснаас гадна, Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүний эрхийн комиссын
шинжээчийн хэсэг Монгол Улсад хүрэлцэн ирж Үндсэн хуулийн төслийн холбогдох
бүлэг, зүйл тус бүрээр санал солилцсон байдаг. Мөн түүнчлэн “Монгол Улс
ардчилалд шилжих үйл явцад шинэ Үндсэн хуулийн гүйцэтгэх үүрэг, эзлэх байр
суурийн асуудал” сэдэвт олон улсын онолын бага хурлыг 1991 онд зохион
байгуулсан. Үүнд манай үндэсний хууль тогтоох байгууллагын төлөөлөгчид, бусад
улс төрчид, эрдэмтэн судлаачид оролцсоноос гадна АНУ, ИБНАУ, БНСВУ, ХБНГУ, ОХУ,
ИБНПУ, БНПУ, Румын Улс, БНФУ, БНЭУ, мөн түүнчлэн “Эмнисти Интернешнл” зэрэг
байгууллагын төлөөлөл оролцсон байдаг.
Шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулах явцад ажлын хэсгүүд манай
улсын түүхэнд хамаарах баримт бичгүүдийг эргэн харахаас гадна тухайн үед бидэнд
олдох боломжтой байсан бүхий л улсын үндсэн хуулиудыг системчлэн судалж,
хооронд нь харьцуулж, ялгаатай тал болон зөрүүтэй байдлыг олж тогтоон үр
дагавар, зүй тогтлыг нь танин мэдэхийг зорьж байсан. Мөн манай улсын нэгдэн
орсон байсан бүхий л олон улсын гэрээ, түүний дотор Хүний эрхийн баримт
бичгүүдийг бүхэлд нь дахин судалж нягталсан. Түүнчлэн ардчилсан үндсэн хуулийн
агуулгад зайлшгүй хамаарах ойлголт, нэр томьёо болох, жишээ нь, эрх зүйт төр,
хууль дээдлэх зарчим, үндсэн хуульт ёс, эрх мэдлийн хуваарилалт, нийгмийн
баримжаа, шударга шүүх, нийтийн эрх зүйн хуулийн этгээд, үндсэн хуулийн нэмэлт,
өөрчлөлт, зэргийг хөндөн тусгайлан судалж, нэг мөр ойлгох
зорилгоор онолын бага хурал, хэлэлцүүлэг хийж байсан.
Цахим харилцаа холбоо 1990-ээд оны эхэнд үүсээгүй, бусад орны судлаачдын шинжлэх ухааны ном, зохиолын олдоц ховор, эрдэмтэд, мэргэшлийн хүмүүстэй нь санал шууд солилцож харилцан ярилцах боломж хязгаартай байсан. Ийм нөхцөлд төрт нийгмийн хамгийн дэвшилтэт үнэт зүйлүүдийг зарчмын хувьд агуулгаар нь бүрэн шингээж чадсан ардчилсан үндсэн хуулийн төслийг боловсруулж, батлуулсан нь тухайн үед төрд зүтгэж байсан, төрд зүтгэж байгаагүй ч улс орондоо хөгжил, дэвшлийг авч ирэхийг туйлаас хүссэн бүхий л хүний, нийт ард иргэдийн хүчин чармайлтын үр дүн байсан юм.
Тухайн үед хэдийгээр ардчилсан нийгмийг төгөлдөр ажиллуулах туршлага байгаагүй ч үндэс суурийг нь тавьж, уламжлуулж хойч үедээ үлдээх хүсэл зориг, тэмүүлэл нь хүн зоныг нэгтгэж чадсан.
Зах зээлийн эдийн засаг, ардчилал, сонгодог парламентын төрд өмнө нь
амьдарч, ажиллаагүй хэр нь эдгээр болон холбогдох бусад үнэт зүйлийг урьдчилан
судалж эх орондоо нутагшуулах, бодит амьдралд хэрэгжүүлэх эхлэлийг тавих
хариуцлага тухайн үеийн хүмүүст, эрдэмтэн судлаачдад тулгарсан.
Ш.Цогтоо: Ардчилсан шинэ 1992 оны Үндсэн хууль бол нийгэм соёл,
эдийн засаг, улс төр судлалын бүх төрлийн судалгаа, хууль зүйн шинжилгээ,
түүнийг тойрч хангалттай хийгдсэн ард түмний гэж хэлж болох гайхамшигтай бүтээл
гэдгийг хэлэхэд нэн таатай байна. Үүний задаргааг хэлбэл олон хуудас материал
болно.
В.Удвал: Судалгаа хийгдэж байсныг Хөдөлмөрийн баатар, Ардын
багш, Гавьяат хуульч, шинэ Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимид багш маань тэмдэглэн үлдээсэн байдаг билээ. Ардчилсан шинэ Үндсэн хуулийг
боловсруулах ажлын хэсгийг 1991 онд шинэчлэн байгуулсан байдаг. Ер нь, монголчууд шинэ Үндсэн хуулийн үзэл санаа, зарчим үнэт зүйлийг 1980-аад оны
сүүлээс судалж, бясалгаж, томьёолж байсныг олон хүний бодит дурсамж,
тэмдэглэлээс харж болох юм. Б.Чимид багшийн 90 насны ойг өнгөрсөн
оны төгсгөлөөр зохион байгуулж, Үндсэн хууль судлалын онол практикийн ач
холбогдол бүхий олон илтгэл хэлэлцсэн. Энэ илтгэлүүдийн дотор хэд хэдэн хүний
дурсамж, тэмдэглэл маш чухал судалгааны материалууд байсан даа.
Тухайн үед ажлын хэсэгт ажиллаж байсан миний хувьд, “хэрэгтэй хэмээсэн нэр томьёоны тайлбар, тодорхойлолт”-ыг орос сурах бичиг, тайлбар толиудаас хайх төдий л байсан. Энэ нь Үндсэн хуулийн эрх зүйн шинжлэх ухаанаар хичээл заах, судалгаа хийх суурийг харин сайн тавьж өгсөн шүү. Сүүлд “Үндсэн хуульт ёсыг бэхжүүлэхэд Үндсэн хуулийн цэцийн үүрэг: харьцуулсан судалгаа” сэдвээр Хууль зүйн докторын зэрэг хамгаалсан.
- Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хэд хэдэн удаа орсон. Түүний судлагдсан байдал ямар түвшинд байна вэ?
Ц. Сарантуяа: Одоо цагт иргэдийн бухимдал төрүүлдэг, албан
тушаалтны зарим зүй бус үйлдэл, зөрчил нь дийлэнхдээ Үндсэн хуулийг
биелүүлээгүйгээс, ердийн хуулиудын хоорондын уялдаа сул, хэрэгжих боломж
тааруугаас, мөн багагүй тохиолдолд хуулийг зохих албан тушаалтнууд үйл
ажиллагаандаа дээдэлдэггүйгээс улбаатай. Мөн зарим тохиолдолд Үндсэн хуульд
байх шаардлагагүй, тухайлбал тоо, хугацаа, хувь хэмжээ зааснаас гацаа
гардаг. Иймд Үндсэн хуульд оруулах
нэмэлт, өөрчлөлт нь цаг үеийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга хэрэгсэл
төдий биш, харин бодлого, үл хөдлөх тулгуур голдуу тодорхойлсон байх нь
зохимжтой.
Ш.Цогтоо:- Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа тулбал маш нарийн горим ба процедур ажиллагаа, хатуу дэг журам нь ердийн хуультай харьцуулашгүй өндөр (критери) шалгууртай, илүү нарийвчилсан бөгөөд тусгайлсан журмаар хэрэгжих сэтгэлийн ямар ч хөөрөл эмоцигүй судалгаа шинжилгээний бодит үр дүнд тулгуурлах дэлхий дахины алтан зарчим үйлчилдэг. Жишээ нь, Япон улс хэдэн зуун жилийн түүхэндээ Үндсэн хуульдаа өөрчлөлт бараг хийгээгүй, харин цөөн тооны нэмэлт л оруулсан байдаг. АНУ-д Үндсэн хуульд гар хүрэх арван мянга гаруй удаагийн санаархал байсан ч нэг нэмэлтийг дунджаар зургаан сараас гурван жилийн хугацаанд хэлэлцэж байж шийдэхдээ ихэвчлэн буцаасан байдаг.
Тэгвэл Монгол Улсын Үндсэн хуулийн 68.1 дэх заалт ёсоор нэмэлт өөрчлөлт оруулах санаачилгыг эрх бүхий байгууллага албан тушаалтан гаргаж болох ч эцсийн саналыг зөвхөн Үндсэн хуулийн цэц УИХ-д өргөн мэдүүлэхийг үүрэгжүүлсэн байхаас гадна, Ард нийтийн санал асуулгын хэмжээний зохицуулалттай хэм хэмжээг эсэргээр нь хэрэглэсэн байдаг. Тухайлбал, 1992 оны шинэ Үндсэн хуульд одоогоор 5 удаа нэмэлт, өөрчлөлт оруулахдаа хөнгөн хуумгай, яаруу сандруу субьектив хандлагаар ард түмний үнэт зүйлд хайхрамжгүй хандсаныг судлаачид шүүмжилсээр байгаа.