Палестины 90 хоригдлыг суллажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-01-20 09:47:04

ЙЕРУСАЛИМ, 2025 оны нэгдүгээр сарын 20 /BBC/. Израилын тал болон ХАМАС бүлэглэл хооронд байгуулсан гал зогсоох хэлэлцээрийн эхний үе шатны хүрээнд Палестины 90 хоригдлыг сулласан тухай Израилын Шоронгуудыг удирдах газар мэдэгджээ. 


Өмнө нь буюу ням гарагт ХАМАС бүлэглэлийнхэн гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж эхэлснээс хэдэн цагийн дараа барьцаанд байсан гурван израил иргэнийг сулласан юм. Тэднийг Газа хот дахь Улаан загалмайн нийгэмлэгт шилжүүлэн өгсний дараа Израилын цэргийнхэнд хүлээлгэн өгчээ. Тэд одоо эх орондоо буцаж ирсэн гэж Израилын тал мэдэгдлээ.


Суллагдсан эмэгтэйчүүд болох 31 настай Дорон Стайнбрехер, 28 настай Британи-Израил гаралтай Эмили Дамари, 24 настай Роми Гонен нар Тель-Авивын эмнэлэгт эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал нь тогтвортой байна.  Хоёр хуруундаа боолт хийлгэсэн Эмили ээжийгээ тэвэрч байгаа нь ВВС телевизийн сэтгүүлч Люси Мэннингтэй хийсэн дүрс бичлэгээс харагдана.


Суллагдсан барьцааны хүн тус бүрийн тоогоор Израилын шоронгуудаас 30 палестин иргэнийг суллана гэж ХАМАС мэдэгдсэний дагуу Палестины 90 хоригдлыг сулласан байна. Газын зурваст хэрэгжиж буй гал зогсоох хэлэлцээр эцсийн мөчид саатсаны эцэст хүчин төгөлдөр болсон боловч палестинчууд сүйрсэн гэр орондоо эргэн ирэхэд тэрхүү баяр хөөр алга болжээ.


Ням гарагт хүмүүнлэгийн тусламж ачсан 630 гаруй ачааны машин Газын зурваст нэвтэрч, 300 орчим нь тус зурвасын хойд хэсгийг чиглэн явсан гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн туслах Том Флетчер мэдэгджээ. Газын зурвас нь хүнсний тусламжаас ихээхэн хамааралтай байдаг бөгөөд сүүлийн долоо хоногт дунджаар ердөө 40 ачааны машин тусламж ирж байсан бол мөргөлдөөн гарахаас өмнө өдөрт 500 орчим ачааны машин нэвтэрч байв. Гал зогсоох хэлэлцээрийн дагуу өдөрт 600 тусламжийн ачааны машин нэвтрэх ёстой.

 


Холбоотой мэдээ