Муан нисэх буудлын үйл ажиллагааг сэргээжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
СӨҮЛ, 2025 оны хоёрдугаар сарын 24 /Yonhap/. Өмнөд Солонгосын агаарын тээврийн “Jeju Air” компанийн зорчигч тээврийн онгоц осолдсоны улмаас хаагдаад буй Муан олон улсын нисэх онгоцны буудалд 56 хоногийн дараа эмнэлгийн яаралтай тусламж, сургалтын зориулалтаар нислэгийг сэргээлээ гэж нисэх буудлын захиргаа өнөөдөр мэдэгджээ.
Ням гаргийн 21:00 цагаас эхлэн аврах, эрэн хайх, өвчтөнийг тээвэрлэх зорилгоор нислэг үйлдэхийг зөвшөөрсөн байна.
Өнгөрсөн оны 12 дугаар сарын 29-нд Бангкокоос хөөрсөн “Jeju Air” компанийн онгоц Сөүлээс өмнө зүгт 290 км-ийн зайд орших тус нисэх онгоцны буудалд ослын буулт хийх үедээ буух
зурвасыг давж, бетонон байгууламжийг
мөргөсний дараа шатаж сүйрсэн билээ.
Онгоцонд байсан нийт 181 хүнээс хоёр нь амьд үлдсэн юм.
Эрх баригчид мөн боловсролын байгууллагуудад долоо хоногийн
турш локализатор ашиглахгүйгээр нислэг хийхийг зөвшөөрсөн байна. Одоогоор таван их, дээд сургууль,
хувийн гурван байгууллага тэнд 21 онгоц ашиглан сургалтын нислэг хийхээр төлөвлөсөн бөгөөд даваа гаргийн өглөө нисэх буудалд хөөрөх, буух бэлтгэлээ хийж
эхэлжээ.
Аюулгүй байдал, байгууламжийн хяналт шалгалт, тэр дундаа хязгаарлагч байгууламжийг
сайжруулах үүднээс Муан руу ирэх болон
буцах зорчигч тээврийн нислэгийг ирэх
дөрөвдүгээр сарын 18-ныг хүртэл түр зогсоогоод байгаа ажээ.