БАЯНХОНГОР: "Номун далай" сургуулийн баг алтан цомын төлөөх барилдаанд хоёр дахь удаагаа түрүүллээ
ФОТО МЭДЭЭ
Баянхонгор, 2025 оны дөрөвдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Үндэсний бөхийн холбоо, Хонгор нутаг бөхийн дэвжээ, БТСГ-аас санаачлан бөхийн спортыг дэмжигч байгууллага хамт олонтой хамтран "Найзууд алтан цом" өсвөрийн бөхчүүдийн халз барилдааныг Баянхонгор суманд зохион байгууллаа.
Үндэсний өв соёлоо дээдэлсэн ирээдүй үе хойчоо бэлдэх, Хонгор нутгийн өсвөрийн бөхчүүдийн авьяас чадварыг нээн илрүүлж, багаас нь амжилттай хичээллэх боломжийг нээх зорилгоор тус барилдааныг хагас жил тутамд зохион байгуулж хэвшсэн бөгөөд энэ удаагийнх дөрөв дэх нь болов.
Алтан цомын төлөөх халз барилдааныг Баянхонгор аймгийн Засаг дарга, аймгййн Үндэсний бөхийн холбооны тэргүүн Долгорсүрэнгийн Мөнхсайхан нээж үг хэлэхдээ, Улс эх орондоо алдраа дуурсгасан аварга, улсын шилдэг цолтнууд Хонгор нутгаас төрөн гарна гэдэгт итгэл төгс буйгаа илэрхийлсэн. Улсын хэмжээнд өсвөрийн бөхчүүдийн дунд хамгийн өндөр шагналын сантайд тооцогдох халз барилдааны нээлтэд урилгаар Дархан аварга А.Сүхбат, Улсын харцага Д.Батболд, Улсын начин Б.Эрдэнэхүү, Улсын начин Э.Батмагнай нарын хүчит бөхчүүд оролцож хонгор нутгийн цог дүүрэн хөвгүүдэд амжилт хүссэн юм.
Ирээдүйн аварга Хонгор нутгаас уриан дор зохион байгуулж байгаа тус тэмцээн дээр Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, Монгол Улсын гавьяат тамирчин, улсын дархан аварга Агваансамдангийн Сүхбат Хонгор нутгийн хүүхэд, залуучуудад биe бялдрын өв тэгш, хүмүүжил олгох, үндэсний бөхийн өв уламжлалаа бататган хөгжүүлэх, ирээдүйд аварга болоход юуг анхаарах талаар багачууддаа сургамж айлдаж, урам зориг өгч, өөрийн "Дархан аварга хүртэх зам" номоо дурсгасан. Мөн дараагийн тэмцээнд зорин ирж бөх сонирхогч хүүхдүүдэд монгол бөхийн өв соёлын талаар тусгайлан хичээл сургалт хийхээ илэрхийлэв.
Алтан цомын төлөөх барилдаанд Баянхонгор аймгийн 20 сум, 30 багийн 300 гаруй өсвөрийн бөх багш, дасгалжуулагчдын хамт оролцлоо. Халз барилдааны шагналын сан 15 сая төгрөг бөгөөд Хонгор нутгийн бөхийн хөгжлийн төлөө аймгийн үндэсний бөхийн холбооноос дээрх санхүүжилтийг олгосны зэрэгцээ "Гэгээн сумади" сургууль, 80К outlet дэлгүүр болон бусад хувь хүмүүс дэмжсэн байна.
Тэмцээний тэргүүн байрт "Номун далай" цогцолбор сургуулийн баг шалгарч алтан медаль, Баянлиг сумын Ерөнхий боловсролын сургуулийн баг мөнгөн медаль, "Соого Сейкео" сургуулийн баг хүрэл медаль, Эрдэм ахлах сургуулийн баг тусгай байрт орж баг тамирчдаа хошуучиллаа.


















