ЗАВХАН: Ахмадууд явган аялалд нэгдэхийг уриалав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025
оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Улиастай сумын ахмадууд хамтдаа
алхацгаая уриатай явган аяллыг зохион байгуулж эхэлжээ.
Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж сумдад амьдарч байгаа ахмадуудыг явган аялалд нэгдэхийг уриалжээ.
Тэд эрүүл монгол хүн үндэсний хөдөлгөөнийг орон нутагтаа үр дүнтэй
хэрэгжүүлэхэд иргэдийн өөрсдийн
оролцоо чухал юм. Ахмадууд өдөр бүр дасгал хөдөлгөөн хийж, 7 хоногтоо
нэг удаа явган аяллыг хамтдаа хийж залуу хойч үедээ үлгэрлэнэ гэдгээ цахим
орчинд уриалсан байна.
Улиастай сумын Богдын гол багийн ажлын албанаас ахмадуудын уриалгыг дэмжиж энэ сарын 19-ний өглөө явган аяллыг зохион байгуулах юм.
Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, иргэдийг эрүүл амьдралын хэв маягт уриалан дуудах. Эрүүл чийрэг, эрч хүчтэй иргэн болгон төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилготой энэхүү үйл ажиллагааг санаачлан ахмадуудтайгаа хамтран зохион байгуулна. Алхалтад аж ахуйн нэгжүүд хамт олноороо ахмадууд найз нөхдөөрөө оролцож болно. Нийтийн алхалтад оролцох иргэд Богдын голыг өгсөх тусгай маршрутын дагуу нийт 2.2 км явган алхалт хийнэ.
Явган аялал амралтын өдөр болж байгаагаараа онцлогтой. Учир нь амралтын өдрийг эрүүл агаарт алхаж, байгальд ойр өнгөрүүлж энгийн шулуун замаар алхана. Аялал болох өдрийн цаг агаар нь +10’C , бага зэрэг үүлэрхэг байна. Ер нь алхах нь эрүүл мэндэд маш сайн гэдгийг хүн бүр мэддэг ч төдийлөн дадал болгож сураагүй байдаг юм байна.
Манай улсын 15-69
насны хүн амын 21.9 хувь нь хөдөлгөөний хомсдолтой. Өөрөөр хэлбэл, тухайн
насны нийт хүн амын 52.4 хувь нь ажлын байрандаа, 48.2 хувь нь амралт чөлөөт
цагаараа идэвхтэй хөдөлгөөн хийдэггүй. Үүний улмаас 49.4 хувь нь илүүдэл жин буюу таргалалттай байгааг мэргэжлийн
байгууллагын судалгаанд өгүүлсэн байна.
Зөв алхалт
тогтмол хийснээр өвчний 90 хувь эдгэрдэг гэдгийг зарим судлаач хэлжээ. Алхалт эрүүл мэндэд нэн тустай нь судалгаа
болон практикаар тогтоосон. Тогтмол алхсанаар, альцгеймерийн өвчнөөр өвчлөх
магадлал багасдаг бөгөөд серотонин буюу стрессийн эсрэг даавар, хайрын даавар
гэж нэрлэдэг окситоцин дааврууд ялгардаг юм байна. Аз жаргал, баяр хөөр мэдэрч, өөдрөг үзэл төлөвшдөг. Цусны эргэлт сайжирч, мэдрэлийн эсийн тоо ч
нэмэгдэх ач холбогдолтой юм.
"Эрүүл монгол хүн" үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд иргэд идэвхтэй оролцох нь чухал юм. Тиймээс бид энэ удаагийнхаа аяллын үеэр алхалтаар хичээллэх талаар мэдлэгийг нь нэмж, хандлага, дадлыг нь эерэг болгох ярилцлага өрнүүлэх юм.
Эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийхийн тулд явган
аялалд оролцсон хүн бүр зөв алхалтын
техникт суралцах юм. Мөн бусад сумыг явган аяллыг хэвшүүлэх дадалд
иргэн бүрээ хамруулж оролцуулахыг хүсэж байна гэж Улиастай сумын Богдын гол багийн
ажлын албанаас мэдээлэв.
Ташрамд, Завхан аймаг "Эрүүл монгол хүн" үндэсний хөдөлгөөнийг дэмжиж таван зорилтын хүрээнд 28 үйл ажиллагааг төлөвлөн зохион байгуулж байна. Эдгээр үйл ажиллагаа нь нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, эрүүл мэндийн салбарын техник тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх. Иргэд, олон нийтийн эрүүл мэндийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, тэднийг зөв дадалд уриалах. Төрийн болон аж ахуйн нэгж байгууллагуудын хамтын оролцоотой хүн амын нийгмийн эрүүл мэндийг сайжруулах зорилготой юм.