ХОВД: Хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэхэд анхаарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-04-23 07:18:51

Жаргалант, 2025 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн төв буюу Жаргалант сумын тариаланчид энэ сарын 22-нд зөвлөгөөн хийж, газар тариалангийн салбарын хөгжил, цаашдын зорилтын талаар мэдээлэл солилцов.

 

Зөвлөгөөнд сумын удирдлагууд, 12 багийн тариаланчид болон хөдөө аж ахуйн салбарын төлөөлөл 90 гаруй хүн оролцжээ.


Энэ үеэр Жаргалант сумын Засаг дарга Б.Амартүвшин "цаашид хүнсний ногооны цогц үйлчилгээний төв байгуулах, хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэхэд анхаарч, тариаланчдыг дэмжсэн төсөл, хөтөлбөр боловсруулах ба нарийн ногооны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр зорьж байгаа" хэмээлээ. 


Жаргалант сумаас “Шинэ Ховд” агро парк төсөлтэй хамтран ажиллаж, 2023 оноос хүлэмжийн тариалалтыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд "Хүлэмж цогцолбор"-ийг байгуулсан. 


Тус суманд газар тариалан эрхлэх боломжтой талбай бага учраас Жаргалант сумын тариаланчид зэргэлдээ сумдын нутагт тариалалт хийдэг.  Орон нутгийн онцлогоос шалтгаалан тус сумынхан хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх санаачилгыг чухалчилж байна. 

Таван га газрыг хашаажуулж, 40 метр гүний худаг гарган, эрчим хүчний асуудлыг шийдсэнээр өнгөрсөн хугацаанд "Хүлэмж цогцолбор"-т 70 гаруй хүлэмж барьж, иргэд нарийн ногоо, жимс жимсгэнэ тарих боломжтой болжээ. Уг ажил цаашид мөн үе шаттай үргэлжлэх юм. 

 

Дээрх зөвлөгөөнд Улаанбаатар хотоос "Таримал ургамал" ХХК-ийн төлөөлөл оролцож, хүнсний ногооны үрийн худалдаа зохион байгууллаа. Мөн зөвлөгөөнөөс бордооны зохистой хэрэглээний талаар зөвлөмж гаргасан гэж Жаргалант сумын ЗДТГ-аас мэдээллээ.  

Холбоотой мэдээ