БАЯНХОНГОР: Хачгаар дамжих халдварын үүсгэгчийн тархалтыг тогтоох судалгаа хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-05-01 14:16:55

Баянхонгор, 2025 оны тавдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Зоонозын өвчин судлалын үндэсний төв, АНУ-ын Флоридагийн Их сургуультай хамтран хэрэгжүүлж буй “Монгол орны эктопаразит болон эктопаразитаар дамжих халдварын үүсгэгчийн тархалтыг тогтоох судалгаа”-ны ажлыг албаны бүрэлдэхүүн хийж гүйцэтгэжээ.


Судалгааны ажлын хүрээнд Баянхонгор аймгийн Заг, Баянбулаг, Жаргалант, Галуут, Хүрээмарал, Гурванбулаг сумын сонгогдсон цэгт газруудаас хачиг цуглуулж, хачгийн зүйлийн бүрдлийг тодорхойлж, тархалтыг тогтоох, хачиг болон хачгаар дамжих халдварын үүсгэгчийг илрүүлсэн байна.


Тухайн сумдаас амьдрах орчны олон янзын биотопыг хамруулан хоёр зүйлийн 6000 орчим хачиг цуглуулсан бөгөөд хачгийн нягтшил сум бүрд харилцан адилгүй бөгөөд Dermacentor nuttalli зүйлийн хачгийн тархалт их байжээ. Haemaphysalis.sp зүйлийн хачгийг өмнө нь Баянхонгор аймгийн Хүрээмарал, Байдраг, Гурванбулаг, Заг, Жаргалант суманд тэмдэглэсэн байсан бол энэ удаагийн шинжилгээний явцад Галуут суманд тархалтыг тэмдэглэжээ.


Нийт цуглуулсан хачигт хачгаар дамжих халдварын үүсгэгч илрүүлэх Dermacentor nuttalli зүйлийн хачгийн тархалт Баянхонгор аймгийн Жаргалант, Хүрээмарал, Заг суманд их байсан байна.


Цаг уур ба газарзүйн байрлал, улирлын байдал зэргээс шалтгаалан хачиг 4-5 дугаар сарын дунд үед ичээнээс гарах бөгөөд түүний гол идэш тэжээл нь хүн, мал амьтны цус байдаг. Жил бүрийн 4-10 дугаар сар хүртэл хачгийн идэвхжил өндөр байх агаад хачигт халдвар нь улирлын чанартай, урин дулаан цагт түлхүү идэвхждэг байна.


Хачгаар дамждаг 30 гаруй халдвар байдгаас Монгол улсын хэмжээнд хачигт энцефалит, хачигт риккетсиоз, хачигт боррелиоз өвчний хүний өвчлөлийг 2005 оноос албан ёсоор бүртгэж эхэлжээ. Баянхонгор аймгийн тухайд, 2006 онд Өлзийт суманд хачигт халдвар анх бүртгэгдэж 2006-2023 онд хачгаар дамжих халдварын сэжигтэй 462 тохиолдол бүртгэгдсэнээс 112 буюу 24.2 хувь нь батлагдсан байна. Үүнээс хачигт энцафалит 5 буюу 4.6 хувь, хачигт риккетсиоз 96 буюу 88.3 хувь, хачигт боррелиоз 8 буюу 7.3 хувийг тус тус эзэлжээ.

Холбоотой мэдээ